ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Энэ зун 400 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-26

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Өмнөговь аймаг, Ханбогд суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.   

Тэрбээр, энэхүү ажлын томилолтынхоо талаар “Одоогоос дөрвөн сарын өмнө Өмнөговь аймагт Ерөнхий сайдын хувиар ирж байсан. Оюутолгой төслийн гүний уурхайн эхний тэсрэлт хийгдэж байсан. Дөрвөн сарынхаа ой дээр ирлээ. Өнөөдөр хэд хэдэн чухал үйл явдал болж байна. Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын талд ашигтай шийдүүлэх УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Ханбогд сумыг хот болгож хөгжүүлэх, 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төсөл эхний таван жилдээ хэрэгжинэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй хот, хөдөөгийн сэргэлтийг эхлүүлэхэд энэ бол маш том дэмжлэг.

Цаашдаа, Хөшигийн хөндий, Ханбогд, Дархан-Уул, Орхон аймагт том хэмжээний хот төлөвлөлт хийгдэнэ. Энэ бол жишиг сум биш. Соёл иргэншилтэй хот байгуулах юм. Мөн урт, богины тээвэр удаан хугацаанд саатсаны дараа нээгдлээ.

26 сарын дараа БНХАУ-тай агаарын тээвэр эхэллээ. Маш амаргүй цаг байсан ч сайн цаг наашиллаа. Цар тахлын хариу үйлдэл зөв байсны үр дүнд олон улсаас түрүүлж халдварын тохиолдол буурлаа. Мөн Гашуунсухайт, Ганцмодын хил холболтын цэгийг хоёрдугаар сард болсон айлчлалаар хоёр тал ярьсан.

Хил холболтын цэг байгуулагдах бүтээн байгуулалтын ажил хийгдэхэд ачиж, буулгах терминалыг долдугаар сар гэхэд ашиглалтад оруулна. Гашуунсухайт гэдэг экспортын ганц гарцаа ойрын хугацаанд дөрөв болгоно. Мөн энэ зундаа 400 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгана. Хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэн. Гашуунсухайтынх өргөн царигаар бариад, долдугаар сард дуусна. Ханги-Мандал 10-11-р сард дуусна. Зөвхөн Баяннууртай бус Бугаттай, мөн Замын-Үүдээр дамжиж нүүрсээ экспортолно. Баруун зүүн чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Тавантолгой дээр Бортээг болон бусад салбар ордуудыг ашиглах судалгааны ажлаар мөн ирлээ. Үүнээс гадна иргэдтэй уулзаж, ойлголцолд хүрнэ” гэлээ.

Хэрвээ Гашуунсухайтын төмөр зам 14 жилийн өмнө ашиглалтад орсон бол Монгол Улс 80 орчим их наяд төгрөгийн орлого олох боломж байсныг мөн Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолж, цаашдаа эдийн засгийн ийм чухал асуудлаар улстөржиж, гацаах ёсгүйг хэлж байлаа.