ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Ариунзаяа: 400 мянган иргэний НДШ-ийн буцаалтыг энэ сарын 25-наас хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-15

“Өөрсдөө хэмнэ” уриатай залуусын цуглааны дараа Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн онцлох шийдвэр гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь 1 хүртэл сая төгрөгийн цалинтай уул уурхай, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй алба хаагчдын НДШ-ын төлөлтийн 50 хувийг буцаан олгох асуудал юм.

Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн ч албажаагүй байсан бол энэ асуудлыг Засгийн газраас баталсан журмын хүрээнд илүү тодорхой болгож, энэ сарын 25-наас буцаан олгож эхлэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг 1 сая төгрөгөөс доош цалин хөлс орлоготой бол буцааж олгоно гэх шийдвэрийг УИХ гаргасан. Тавдугаар сарын 01-нээс хууль хэрэгжиж, дараа сарын 25-наас олгоно гэсэн журам гарсан. Тайлан тооцоо баталгаажиж байж буцаалт олгох боломж бүрдэнэ.

Эхний ээлжинд 15-наар тайлан тооцоо гаргахад 400 гаруй мянган иргэн 1 сая ба түүнээс доош цалинтай. Эдгээрээс 80 мянган нь сайн дурын даатгал төлөгч байгаа. Тухайн байгууллагын шимтгэл нь байгууллагын дансаараа ороод ирдэг. Харин иргэний болон сайн дураар даатгал төлөгчийн дансны мэдээллийг авах томоохон ажил хийгдэх бөгөөд эхний удаад данс андуурах зэрэг буруу зөрүү асуудал гарч магадгүй. Гэхдээ төрд байгаа мэдээллийг ашиглан иргэдийн дансанд шилжүүлнэ” гэлээ.