ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

И.Мөнхжаргал: Иргэн С.Эрдэнийн талаар ярих ч сонирхол алга

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-15

Өнгөрч буй амралтын өдрүүдэд АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж цаг үеийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргаcан талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар байр суурийг баримтлах вэ гэдэг дээр улс төрийн зөвлөл хуралдаж тодорхой шийдэлд хүрлээ. ҮХНӨ-ийн асуудал яг ямар шийдлийн хүрээнд ямар өөрчлөлт орох нь албан ёсоор нийтэд танилцуулагдаагүй байна.

Бидний хэвлэлээс авч буй мэдээлэл, төсөл санаачлагчдын бидэнд өгч буй мэдээлэл дээр суурилж  хэлэлцүүлгээ хийж байна. ҮХНӨ-ийн асуудлаар намын дотоод ҮБХ-ны гишүүд, судлаачид, эрдэмтдийн дунд хэлэлцүүлгүүдийг АН-аас өрнүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж ҮХНӨ-ийн асуудлыг Ардчилсан намын гишүүд хэрхэн дүгнэж байгаа, дэмжих, эс дэмжих асуудлаар нийт намын гишүүдээсээ санал асуулгыг явуулахаар товлон зарлаж, өнөөдрөөс нийт гишүүд рүүгээ санал асуулгын хуудсыг илгээж байна.

Бидний авч байгаа мэдээллээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг нэмэн тусгах, парламентийн холимог тогтолцоог оруулж ирэх, төрийн сүлд өөрчлөх гэдэг хэлбэрүүд орж ирэх юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Ард түмэн маань маш соргог байх ёстой. ҮХНӨ-өөр төрийн сүлд гэдгийг оруулж ирж байгаа нь эрх баригчдын зүгээс башир арга хэрэглэж байна гэх хардалтыг төрүүлж байна. Монгол Улсын төрийн сүлдийг хүн бүр дээдэлдэг учир үүн рүү иргэдийн анхаарлыг хандуулж, ардуур нь ямар өөрчлөлтийг хийх гэж байна вэ гэдэг дээр Ардчилсан намаас туйлын болгоомжтой байна" гэлээ.

Мөн Улс төрийн зөвлөлөөс ҮХНӨ-ийн талаар нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэхээр ажлын хэсэг байгуулахаар шийджээ. Ажлын хэсгийг АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир ахалж, УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж, Д.Пүрэвдаваа, Ш.Батбаяр, О.Алтангэрэл, Улс төрийн бодлогын газрын дарга Д.Бат-Од гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан намын гишүүд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлгүүдийг эрчимтэй өрнүүлэх ажээ. Эцсийн байдлаар АН-ын гишүүдээс авсан санал дээр үндэслэж ҮХНӨ-ийг дэмжих эсэх асуудал дээр албан ёсны байр сууриа илэрхийлэхээр тогтсон гэлээ.

Мөн тус хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах талаар хэлэлцсэн бөгөөд нам нь анхан, дунд шатны нийт гишүүд дундаасаа 2024 оны парламентын сонгуульд ямар хүнийг дэвшүүлбэл зохимжтой талаар санал асуулгыг хуудсыг өнөөдөр бүх нэгжүүд рүүгээ хүргүүлжээ. Эдгээр нэгжүүд 10 хүртэлх хүний нэрийг нээлттэйгээр нэрлэж ирүүлэхээр тогтсон гэв. Харин нөгөө талд буй С.Эрдэнийн АН-ын талаар асуусан сэтгүүлчийн асуултад "Иргэн С.Эрдэний талаар хангалттай ярилаа. Одоо ярих ч хүсэл алга" хэмээн хариулав.