ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хувийн хэвшлийг дээрэмдсэн Набад шувуутай сэлфидэхээс өөр ажил алга

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-06-16

Монгол Улсад өнгөрсөн гурван жилд нэг ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Урин дулааны улирал дуусах дөхөж, нар буцах цаг болсон ч тоосго өрөх залуус, том өргөгч машины чимээ дуулдахгүй ажин түжин хэвээр. Учир шалтгааныг нь сонсвол өргөн хэрэглээний бараа урд хөршөөс ачиж ирэхээр бүх вагон нь хилийн цаана гараад ковидоос болоод түгжигдчихжээ. Үүнээс болж барилгын материалын хомсдол үүсэж, тэр дундаа барилгынхан цементийн эрэлд хатацгаав. Үнэ ханшийн өсөлтийг яриад ч хэрэггүй. 

Цар тахалтай хүнд хэцүү хоёр жилд ч тэд ингэтлээ туйлдаж, өрөөлийн хашаанаас цемент гуйтлаа ядарч байгаагүй гэлцэх. Учир нь Монцемент, МАК, Монполимет, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүд алдагдалтай ажилласан ч гэлээ эх орончоор асуудалд хандаж, цементээ их хэмжээгээр биш гэхэд ядахдаа л амь тариаг нь таслахгүй залгуулдаг байж.

Гэтэл цар тахлын чимээ жаахан багассан даруйд Монголын төр эдгээр хувийн хэвшлээ намнаж эхэлсэн гэхэд хэтийдэхгүй. Гурвууланг нь хэвлэлээр баахан "шарж", заримыг нь Төрийн ордонд дуудаж ирээд байцаасан. Хөтөлийн цемент шохойг гэхэд л хүчээр булааж авсан буруутан бол төр. 

Хувийн хэвшил, тэр дундаа нэг хүнийг онилсон улс төрийн гайг хөтөлчүүд өдгөө хүртэж, зүв зүгээр ажиллаж байсан үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход хүрчихлээ. АН-аас МАН руу урваж, ах нарынхаа ул долоосоор албан тушаалд очсон Л.Наранбаатар гэгч үндсэндээ энэ үйлдвэрийн дампуурлын тойрохыг зурж буй бололтой. Цагдаа дагуулан очиж, хувийн хэвшлээс дээрэмдэж авсан өмчдөө тэр эзний сэтгэлээр хандаж чадсангүй. Үйлдвэрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан мэргэжилтэй, мэдлэгтэй боловсон хүчнүүдийг ажлаас нь халж, сольж эхэлсэн сураг ч дуулдав.

Шалтгаан нь "Чи хувийн хэвшил удирдаж байхад байсан хүн. Тийм учраас тэдний хүн байж магадгүй" гэх асуудал. Ийнхүү зүв зүгээр ажиллаж байсан гурван үйлдвэр төрийн дарамтыг тэсэж чадахгүй, нэр цэвэр үлдэхийн тулд олсон бүх мөнгөө Хөгжлийн банкны зээл рүү шилжүүлж, бэлдэцээ ч авч чадахгүй хаалгаа барихад ойрхон иржээ. Бүхэл бүтэн нэг үйлдвэрийн хувь заяагаар тоглож, бэлгэнд авсан өмчөө сүйтгэчихсэн Л.Наранбаатар харин Шонхор шувуутай сэлфидсэн шиг зугаацаж суух ажээ. Үйлдвэрийн сэргэлт хийлээ, жорлонг нээлттэй болголоо, цалин нэмлээ, цемент хямдрууллаа гэж өнгөрсөн хугацаанд биелээгүй олон мөрөөдлөө л энэ хүн сошиалд бичиж, жиргэхээс өөр ажил хийсэнгүй.

Харин улсаараа цементийн эрэлд хатаж, барилгын салбар өнөөдөр л уналтад орж, дампуурлаа зарлах нь ээ, ах нар аа. Эхнэр нь хүртэл итгэхгүй чип зүүдэг энэ залууд ийм том үйлдвэрийн хувь заяаг даатгаж, дээрэмдэж авсан өмчөө сүйтгүүлж байгаадаа ах нар нь санаа зовдог болов уу. Төр гэж байдаг бол сэлфичнээ татаж аваач. Ажил хийж буй хүмүүсийг төрийн дарамт, төмөр нударга үзүүлэхгүй ажиллуулахгүй бол шинэ сэргэлт бус шинэ дампуурал эхлэх нь ээ. Төр сайн менежер байдаггүйг Наба тултал харуулж байна даа.