ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс уралдав

O.Admin
2022-06-17

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд хэлж байлаа.

Өнөөдрийн хуралдаанаар Улсын баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулах Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр 9 арга хэмжээ зохион байгууллахаар төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол гол түүхэн үйл явдлуудыг харуулахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчилан таниулах чиглэлээр бэлдэж байна" хэмээв.

Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах бөгөөд хурдан морьдын салбар хороо, сур болон шагайн харвааны салбар хороодын бэлтгэл хэвийн хангагдаж байна. Хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил мөн 80 хувьд хүрсэн талаар мэдээллээ. Баяр наадмын үеэр иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Харин Хүй долоон худагт автомашины 7 төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна.

Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхлэх бол 12-ны 24.00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр салбар хороодын дарга нарыг хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэл ажлыг цаг хугацаандаа хангах үүрэг чиглэл өгсөн юм.