ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-10

Өнөөдөр албан ёсоор цэцэрлэгийн цахим хүсэлт авч эхэлcэн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр, "Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна.

Жил бүр 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байсан. Эдгээр хүүхдүүдийг шинэ хичээлийн жилд багтаан бүрэн цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна.

34486 хүүхдээс есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө 26643 хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Үлдсэн найман мянга орчим хүүхдийг арванхоёрдугаар сараас өмнө хамруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бүртгэлийг гурван үе шаттай хийнэ. Эхний бүртгэл наймдугаар сарын 08-наас 24 хүртэл болно. Гурван үе шаттай бүртгэл хийж байгаа нь хэн түрүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн ойлголт байхгүй. Эрэмбэлэх юм бол цахим сугалаа болчихно.

Найман сарын 20-24-ны хооронд эхний бүртгэлүүд хийгдээд энэ цэцэрлэгт очно гэсэн мэдээллийг өгнө. Цахим бүртгэлтэй холбоотой асуудал их байгаа учраас нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд гурван үе шаттай хийнэ ээ. Эхний бүртгэлд орсон бол эхлээд орно гэсэн асуудал байхгүй. Цэцэрлэгийн зориулалттай 92 барилгыг түрээсэлж, 9200 хүүхдийг хамруулна.

Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг олгосноор 10 гаруй мянган хүүхдийг хамруулна. Байгууллагын цэцэрлэгт 1000, хүүхэд харах үйлчилгээнд 2000 гаруй хүүхэд хамрагдах тоон мэдээ гарсан. 10, 11 сард тендерийн хуулиар орон сууцны нэг давхрыг ашиглах буюу 24 обьектыг Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд худалдан авч, 3000 орчим хүүхдийг хамруулна" гэв.