ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэх томоохон зорилтыг тавьсан

O.Admin
2022-10-13

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.13) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.05 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Коронавируст цар тахлын халдвар бүрэн дарагдаагүй байгаатай зэрэгцээд 2022 оны 2 дугаар сарын 24-нд ОХУ-Украйн хоорондын харилцаа хурцдаж эхэлсэн нь олон улсад ээдрээтэй нөхцөл байдлыг үүссэн. Улмаар дэлхий нийтээр хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үүсч, үнийг өсөлт бий болж байгаа нь сүүлийн 40 жил байгаагүйгээр инфляцыг хөөрөгдөж, эдийн засгийг сааруулсныг төсөл санаачлагчийн илтгэлд дурдаад, олон улсын байгууллагууд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг удаа дараа бууруулсныг онцоллоо.

    Улс орнуудын хувьд инфляцыг тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт болж, төсөв, мөнгөний бодлогыг эрс хатууруулж байгаа нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, өрийн дахин санхүүжилт болон валютын ханшийг тогтоон барих сорилтыг бий болгож байгааг олон улсын байгууллагууд онцолж байгаа аж. Гадаад секторын хувьд тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа хэдий ч Засгийн газраас төсвийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэхэд чиглүүлэх томоохон зорилтыг тавьсан байна. “Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан томоохон төслүүдийг эхлүүлж, уул уурхайн салбарын өсөлтийг 2023 онд 14.6 хувьд хүргэхийн зэрэгцээ тус салбарыг дагасан тээвэр, худалдаа зэрэг эдийн засгийн бусад үйл ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгааг Д.Амарбаясгалан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ танилцуулав.

 

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүссэн гэлээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувь байхаар батлагдсан ч Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөлд төсвийн алдагдлыг -1.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьд хүргэн бууруулсан байна.

 

    Байнгын хороо уг төслийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд өрийн таазыг 14 хувиар нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байгаатай холбогдуулан тодруулга хийсэн. Цар тахал болон бусад улс орны нөхцөл байдлаас хамаараад төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх шаардлага үүсэн болохыг ажлын хэсгээс тайлбарласан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг заасан байдаг бөгөөд ирэх жил ДНБ-д эзлэх хүрээндээ 65 хувь, дараагийн хоёр жилд нь 60 хувьд байхаар хуульчилсан. Одоогийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн хязгаар 51 хувьтай байгаа, Засгийн газар хуульд заасан өрийн хязгаарт барих үүрэгтэй бөгөөд энэ хүрээндээ ажиллаж байна гэдэг тайлбарыг мөн өгсөн. Гадаад нөхцөл байдал болон валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн энэ хэмжээний өөрчлөлт хийх шаардлага үүссэн гэлээ. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх үлдэгдэл нь 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгааг мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 14 хувиар нэмэгдүүлж, 2023 оны төсвийн жилд 65 хувь байхаар өөрчилж төсөлд тусгасныг шүүмжилж, ирэх жилүүдэд бага өртөгтэй зээл олдох боломжгүйг хэлээд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны байр суурийг тодрууллаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хариулахдаа “Өнөөдрийн өр, төлбөрийн асуудал бол өмнөх 20 орчим жилийн турш хуримтлагдсан. Зээл, тусламж авахгүйгээр хөгжихгүй, асуудал нь зээл, хөрөнгөө зохистой зарцуулж, үр ашигтай ашиглаж байгаа эсэхэд л анхаарах ёстой” гэв. Жил бүрийн төсөвт Засгийн газрын өрийг бууруулах төлөвлөлт хийж, хэрэгжүүлж байх нь чухал гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Анандбазар нар илэрхийлж, хэлэлцэж буй төсөл дээр Засгийн газрын гадаад өрийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төсөөлж, төлөвлөж тусгасаныг шүүмжиллээ.

 

    Хэлэлцэж буй төсөлд төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр, зарлага 1.3 орчим их наяд төгрөгөөр, Засгийн газрын нийт өрийн хэмжээ 1 орчим их наяд төгрөгөөр тус тус нэмж тусгасан төслийг хэлэлцүүлж байгаагийн шалтгааныг Х.Булгантуяа гишүүн тодруулав. Нүүрсний экспорт цар тахлын өмнөх үеийн үзүүлэлттэй ойролцоо болж байгаа учир төсвийн орлогыг нэмэх боломжтой гэж тооцон төсөлд тусгасан. Хүн амын өсөлт, тоон үзүүлэлтүүд болон Улсын Их Хурлаас баталсан шийдвэр хэрэгжүүлэх хүрээнд төсвийн зарлагыг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн болохыг ажлын хэсэг тайлбарласан. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, төрийн албан хаагчдын цалин нэмэх, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гэх зэргийг ирэх төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэв.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Туваан, Т.Энхтүвшин, Н.Ганибал, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, Х.Баделхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.