ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөхөнцөр вирусын вакцины тун тасалдсанаас болж, охид айдастай байна гэв

O.Admin
2022-10-18

Охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах "Me too" хөдөлгөөн, "Охидын түүх" ТББ-аас хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцины тунгийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал,  2021 оны зургадугаар сарын 10-наас 11-15 насны охидод энэхүү вакциныг хийх тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргаж, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ хамтран тарьсан байдаг аж. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тус вакциныг сайн дураар хийлгэсэн охидыг нэгдүгээр тунг тариулснаас хойш хоёр сарын дараа II тунг, зургаан сарын дараа III тунг хийнэ хэмээн мэдээлэл өгсөн ч өнөөдрийг хүртэл бүрэн тунгаа авсан охид хэд байгаа талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байна хэмээлээ.

Тиймээс вакцины талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөхийг хүсэж, С.Энхболдолд шаардлага хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар тунгийн татан авалт хийгдээгүйгээс вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн охидын хувьд хүлээлт айдас бий болоод байгаа учраас албан ёсоор хариулт өгөхийг хүсчээ. Тэд албан бичигтээ

-Гардисал вакцины нэгдүгээр тунд хэчнээн охид хамрагдсан

-Хоёрдугаар тун ямар шалтгааны улмаас хүлээгдсэн

-Хоёрдугаар тунг хугацаанд нь тариулаагүй тохиолдолд ямар сөрөг үр дагавар учрах

-Эхний тунг тариулснаар хавдрын эс биедээ тээж яваа гэх охидын айдаст хариулт өгнө үү хэмээжээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас 12.30 цагаас энэ талаар мэдээлэл өгөх юм байна.