ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.УЧРАЛ: Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлнэ

O.Admin
2022-11-25

Lavlagaa.e-mongolia.mn системийг өнөөдөр нээж байгаа талаар танилцуулах үеэрээ "Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран дүрэм журмын түгжрэлээс гарах багц хуулийг боловсруулж байгаа. УИХ-д өргөн мэдүүлнэ" гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ. 

Тэрбээр "Энэ хүрээнд хууль, шүүхийн салбар, банк санхүү гээд олон салбарт эрх зүйн шинэчлэл хийж чадвал олон гацаанаас гарна. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд бид яамдтай тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Шинээр байгуулагдаж байгаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар түгжрэлийг бууруулахад өргөн агуулгаар дэмжлэг үзүүлнэ. Төрийн үйлчилгээг цаашдаа операторын горимд шилжүүлнэ. Төрийн цахим үйлчилгээг хурдан хүргэх үүднээс бүх аймаг, суманд операторын үйлчилгээ үзүүлэх эрхийг хувийн хэвшилтэй хамтарч аутсорсинг хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Цаашдаа банкууд, хувийн байгууллагууд, цахилгаан холбоо, шуудангийн болон оператор компаниуд хүртэл төрийн үйлчилгээг үзүүлдэг бодлогын менежментүүдийг зохион байгуулна. Нийслэлийн  зургаан цэгийн үйлчилгээ бүхэлдээ нэг дээвэр доорх олон цэгийн үйлчилгээ болж, хүнд суртлын түгжрэл болсныг менежментийн хувьд өөрчлөн зохион байгуулж, операторын горимд шилжүүлнэ" гэв.