ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.ЦОГТГЭРЭЛ: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-28

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өглөө. Тэрбээр “АН-ын бүлэг өнөөдөр гурван асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, газрын тухай хууль байна. Тус хууль нь Үндсэн хуулийн дараа орох том хууль юм. Гэтэл тус хууль нь маш ерөнхий орж ирсэн. Заалтууд маш сул байна. Үндсэн хуулийг зөрчих зүйл заалтууд нэлээд байгаа. Цаашид тус хуультай холбоотой байр сууриа АН-ын бүлгийн зүгээс байнга илэрхийлнэ. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хөтөлбөрт хот, хөгжлийг хэрхэн тусгасан байсныг санууллаа. Сонгууль дөхөхөөр мөрийн хөтөлбөрийг хэлэлцдэг биш. Хугацаанаас нь өмнө нэхэж, сануулж байна. Мөрийн хөтөлбөр хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, бүс нутагт аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн одоог хүртэл байхгүй байна. Зөвхөн энэ ажил цаасан дээр явна. Орлогод нийцүүлэн нийслэлийн нийт өрхийн 70 хувийг орон сууцанд оруулна гэж байсан. Энэ амлалт хэрэгжсэнгүй. Гэр хорооллын тоо буурсангүй.  Мөн 330 сумаас 99-ийг жишиг сум бий болгоно гэсэн. Жишиг сум болсон газар өнөөг хүртэл нэг ч алга. Олон асуудалд урагшлалт биш ухралт харагдаж байна. Ард түмэндээ өгсөн амлалтаа хэрэгжүүлээсэй. Бодит ажил болгоосой гэж” сануулж байна гэв.