ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Казино болон Бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-28

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт  хэлэлцсэн. Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийг дагаж 10 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байгаа. Тухайлбал, Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулиудыг өргөн мэдүүлж байна. МАН-ын бүлэг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй” хэмээн хэллээ.

Дараа нь  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "2020, 2021 онд бараг жуулчин хүлээж аваагүй. 2019 онд тус салбараас 610 сая аам.доллар олж байсан. ДНБ-ий зургаан хувийг энэ салбараас бүрдүүлж байв. Аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх үр нөлөөллийг 30 хувьд хүргэх том зорилт дэвшүүлсэн. Ерөнхий сайдын зарлигаар 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Иймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал нь хамгийн бага байх гэсэн хоёр санааг жуулчдад өгөх зорилготой” гэв.