ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайдад илгээсэн сум

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-30

Зүүний хүчний холбоо, Хотын фракцийн дундах нум сумны тэмцээн дуусах болоогүй байжээ. 60 тэрбумыг шалгах ёстой хэмээн дэвсээр гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ гэх суманд овоохон шарх авсан М.Энхболд дарга хариу сум тавихдаа У.Хүрэлсүхийн эмзэг цэгийг олж хатгахаар хичээж байгаа бололтой. Энэ Засгийн газрын үед хамгийн сайн ажиллаж буй гурван сайдыг АТГ гэх сумаар онилж, өчигдөрхөн дуулиан тарьсан мэдэгдэл хийлгэв. Төрийн албаны шалгуурыг хангасан хоёр албан хаагчид боломж олгосон шалтгаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг баллуурдах гэж үзлээ. Хаа хамаагүй хурган даргын бантанг Ц.Даваасүрэн сайдад нялзаах гэж оролдсон ч тусыг эс олов. Мөн Н.Цэрэнбат сайдыг нэр цохож, бүр компанийнх нь нэр устай зарлалаа. Нэг сумны өөдөөс гурван сум исгэрүүлсэн гэсэн үг л дээ. Эхэндээ олон хүн үнэхээр л АТГ-ынхан сайд нарын булхайг уудалж, авлига, албан тушаалын наймааны хэргийг илрүүлчихлээ хэмээн итгэж байлаа. 

Гэвч гурван сайдын дараалсан мэдэгдлийн дараа энэхүү хэвлэлийн хуралд хэнд, юунд зориулагдсаныг гадарлаж эхлэв. Хүүгийнхээ найзыг төрийн албан томилсон гэх асуудалд Д.Сарангэрэл сайд тайлбар хийхдээ “АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн хүлээн зөвшөөрч ирүүлсэн хоёр залууг төрийн албанд томилсон. Ах дүү, амраг садны хамаарал огтхон ч байхгүй” гэсэн мэдэгдэл хийлээ. Харин Ц.Даваасүрэн сайд “Миний ах дүү, амраг саднаас нэг л хүн тендерийн асуудалд холбогдсон байвал би огцроход бэлэн” гэв. Өөрт хамаарал бүхий компаниар засвар хийлгэх нэрийдлээр мөнгө авсан гэх асуудалд Н.Цэрэнбат сайд тайлбар өгөхдөө “АТГ-ын даргыг огцруулах ёстой гэж үзсэн ээлжит бус чуулганыг зарлах хуудсанд  гарын үсэг зурсан. Ингэсний төлөө улстөржсөн мэдэгдэл хийлээ. Х.Энхжаргал сайдад 19 настай охин байхгүй гэдгийг хэлэх гэж гурван сайдыг хамрууллаа” гэсэн тайлбар өгчээ. Эндээс л эрчилсэн сумны учиг тайлагдах шиг. Угтаа авлига албан тушаалтны томхон хэргийг шүүрдэж суух учиртай энэ байгууллага ахлах мэргэжилтнээр зууралдах хүртлээ нэр хүндээ алджээ.

Даргыг нь огцруулах ёстой гэж гарын үсэг зурсан гишүүний нэр хүндэд улс төрийн зорилготой халдаж, томилсон хүнийхээ өмнөөс сум болж эхэлсэн гэж ойлгогдов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд эрхэлсэн ажлаа нэр төртэй хийж буй цөөхөн сайд нар бий. Багахан алдаа гаргасан нь энэ гурав бололтой юм. Танхимын нэр хүнд ганхаж эхэлвэл Ерөнхий сайдын суудал ч дагаад ганхдаг нь жам. Үүнийг ч овжин харсан хотын фракци ямар ч хамаагүй үнээр өрсөлдөгчдөө шарх үлдээхийг хичээж буйг АТГ-ын хэвлэлийн хурал баталж өглөө. Цаашдаа ч олон сайд нарын нэр гарч ирнэ. Хамааралгүй байсан ч хамаатай болгож чаддаг гэдгээ баталчихсан. Өвсөн дундаас хугархай зүүг олоод, түүнийгээ бүтэн болгож чаддаг гэдгээ харуулсан учраас илүү олон зүйл нурших нь дэмий биз.

Бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрчихөөд байхад МАН-д фракцийн тулаан өрнөсөн хэвээрээ байна. Сум нь ч илүү хурц болж эхэллээ. Ажлаа хийж байгаа сайд, жирийн албан хаагчийг хүртэл хамаатуулж үзлээ. Засгийн газар муу ажилласан, хяналт шалтгалт хийхэд унасан. Төрийн албанд нь авлига албан тушаалын наймаа ихэссэн гэх мэтээр АТГ ажлаа мэддэг, хийдэг юм шиг мэдэгдэл хийсэн шүү. Тэд нэг тогоонд чанагдаж байсан бол энэ бүхний талаар хэлээ хазаад өнгөрөх байсан юм. Учир нь АТГ-ын даргыг Ардчилсан нам биш Ардын нам томилдог юм. Эрх баригч намаас томилогдсон атлаа эргээд эзэн рүүгээ бухдаг нохой ч байдаггүйг захын тэнэг ч ойлгоно. Гэвч сөрөг хүчин шиг зоригтой мэдэгдэл хийж суугаа АТГ-ын дарга ууртай байгааг илтгэх бус уу. Тэр тусмаа томилсон эзэндээ үнэнч зүтгэж, түүний өмнөөс сум болох захиалгыг хаа нэгтээгээс өгсөн гэх хар төрөөд болох юм биш.