ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалсайхан: Ардчилсан нийгэмд ажлаа хийж чаддаггүй засаг өдөрт хоёр удаа солигдсон ч болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-10

-2020 оны сонгуульд энэ хоёр намын угшилтай хулгана байсан ч бүү дэмж-

 

БНН-ын дарга Б.Жаргалсайханыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим” буланд урьж,  ярилцлаа.

-2016 оны УИХ-ын  сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд засаг төрийн удирдлагууд солигдож, улс төр нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Харин та үүнийг хэрхэн харж,  дүгнэж байна вэ. УИХ, Засгийн  газраас гаргаж байгаа шийдвэрт ямар байр суурьтай байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Засгийн газар хэдэн удаа солигдох чухал биш. Ардчилсан нийгэмд ажлаа хийж чаддаггүй Засаг өдөрт хоёр удаа солигдсон ч болно. Үүнд нэг их ач холбогдол өгөөд байх шаардлагагүй.  МАН сонгуулиар дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ.  Хэдэн хувьтай хэрэгжсэн талаар ярих нь зүйтэй. МАН-д Монголын төрийг удирдахад бүх боломж нь байна. Тэд УИХ-ын 65 суудлыг авсан. Шаардлагатай гэсэн хуулийн төслүүдийг батлах боломжтой.  Харамсалтай нь хийж, хэрэгжүүлж байгаа зүйл алга. Сонгуулийн дараа гаднаас баахан зээл хүссэн, хүлээсэн Ерөнхий сайдтай байсан.

Дараа нь нийгмийн эрс шинэчлэлтийг эхлүүлж, олон нийтийн бухимдлыг үгүй болгоно, эдийн засгаа тэлнэ гэж амласан мундаг “төмөр” өргөдөг Ерөнхий сайдтай болсон. Хийсэн, хэрэгжүүлсэн зүйл алга. Хийснээс гэвэл олон наадам л хийлээ дээ. Үүнийг далимдуулж мөнгө  их “идлээ”. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойг  хоёр тэрбум гаруй төгрөгөөр хийж байна. Улсын их баяр наадмын нээлтийг  900 гаруй сая  төгрөгөөр хийжээ. Ингэж  ард түмнээ, үзэгчдээ  доромжилж болохгүй юм. Доромжилж ер  ханахгүй юм даа. Тиймээс нийгмийн эрс шинэчлэлтийг хийхгүй бол улс орон цаашдаа урашлахгүйн баталгаа энэ байх.  

-Засгийн газарт тааруухан үнэлгээ өгч байгаа юм байна?

-У.Хүрэлсүх мотоцикл унаж, “төмөр” өргөж, цэргийн хувцас өмсөөд л  гүйгээд байсан. Түүний зориг, зүрх хаашаа алга болчихсон юм бэ. Анх гарч ирэхдээ “60 тэрбум” төгрөг ярьсан. Түүнээс   хэтэрсэнгүй. Үүнээс чухал ажил байгаа шүү дээ. Ардчилсан нам төр барихдаа 10 их наяд төгрөгийг үгүй болгосон. Энэ тухай яагаад ярихгүй байгаа юм. Энэ мөнгө хаашаа алга болов. 4-5 их наяд төгрөгийг өөрсдөө зээл хэлбэрээр авчихаад, ам.долларын ханшийг хоёр дахин өсгөлөө. Энэ талаар яагаад эрэн сурвалжилж, хариуцлага хүлээлгэж, шийдэхгүй байгаа юм бэ. Үүнээс болоод эдийн засаг дампуурчихаад байна. АН-ын үед оффшор дансны тоо их хэмжээгээр нэмэгдсэн. АН-ын  төр барьж байх үед МАН-ын томчууд зээл нэрээр мөнгө авчихсан.  Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй байна. Сөрөг хүчнүүдээс авсан МАНАН гэж нэр  яг цав тохироод байгаа юм. Үүнээс болоод бүх нийтээрээ хохирч байна.  МАН нь АН-аас хариуцлага нэхэх хэрэгтэй. Үүний оронд бие биенийхээ толгойг илээд, улс орныг завхруулж дууслаа.

-Та гэлтгүй олон нийт ч итгэж, хүлээсэн?

-У.Хүрэлсүх гайгүй зориг, зүрхтэй улстөрчдийг хажуудаа зөвлөхөө болгож аваад, нийгмийг эрс шинэчлэх асуудлыг тавихгүй юм уу. Ард түмнээ аар саархан зүйлээр хуураад дахиад Ерөнхий сайд болох талаар бодсон юм биш биз дээ. Хэрвээ тийм бол дахиад боломж гаргахгүй. Хүн бүрт нэг л удаа боломж өгнө. Түүнийгээ олигтойхон хийвэл гарч ирэх боломж бий. Үгүй бол тэгээд  дуусна. Маш хариуцлагатайгаар нийгмийн шинэчлэлтийг хийх хэрэгтэй.

-Олон бүтэхгүй асуудлаа цэгцлэхгүйгээр цааш явахгүй гэх юм?

-Хэрэглээ болон орон сууцны зээлийг  яах юм бэ. Өнөөдөр Монгол Улсад өргүй хүн гэж алга. Ажилгүйдэл ядуурлаа яах юм бэ. Мөн ажил хийх дургүй хүмүүсээ яах  вэ. Чанаргүй бүх хувийн сургуулийг хаах хэрэгтэй. 21 аймгийн сургуулиудын дэргэд мэргэжил эзэмших төвүүдийг бий болгох ёстой.  Бүх аймгуудын төвүүд рүү засмал зам тавилаа. Энэ хөгжил биш, орон нутгийн иргэдийг хотод төвлөрүүлэх жим болж хувирсан. Энэ байдлаараа орон нутгийн 90 хувь нь эзэнгүй болох нь. Өнөөдөр Монгол Улсад амьдрах боломж алга. Үнийг зах зээл тогтоодог гээд худлаа үгээр хүний ам таглаад байна шүү дээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, махны үнийг хар. Утга алга байна. Үнийг санаатайгаар нэмэгдүүлж байгаа гэдгийг хэзээ ойлгох юм бэ.

Энэ асуудлыг голдиролд нь оруулах ёстой. Алс хол АНУ-д өдөр бүр яагаад юмны үнэ нэмэгдээд байдаггүй юм бэ. Зах зээл гээд хаяхгүй,  шийдэх ёстой шүү дээ. Утаа байна. Баахан зуух тараалаа. Өнөөдөр  ч утаа байсаар.  Одоо бүр янданд шүүлтүүр тавих асуудал ярьж байна. Тэр ажлыг нь  нөгөө л “Эм си эс” компани хийнэ гэнэ. “Эм си эс” компани ингэж иддэгээ болих болоогүй юу. Луйварчин,  дээрэмчдээ нэг тийш болгохгүй юм уу. “Эм си эс”-ийг тэтгэдэг улс төрийн байгууллага нь МАН. Дандаа зээл, тендер өгдөг. Эргээд энэ нь ямар ч үр дүнгүй. Үүнээс эхлээд асуудлыг зоригтой шийдэх ёстой. Эрүүл мэндийн салбараа аврахын тулд албан даатгалд хамруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалтай хүнийг ажилд авдаг, төр нь үйлчилдэг болох тогтолцоотой болмоор байна. Эрүүл мэндийн даатгалын санг улсын төсвөөс гаргаж, бие даалгах шаардлагатай.  Иргэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ авъя гэвэл даатгалын сангаас үнэ төлбөрөө гаргуулдаг болмоор байна. Ингэхгүй бол эрүүл мэндийн салбар хэцүү байдалд хүрнэ.

-Өөрчлөлт, шинэч­лэл­тийг хүн бүр хүсэж байна. Бид энэ  чигээрээ явж чадахгүй гэдгээ мэдэж байна. Гэсэн ч үүнийг эхлүүлэх хүн алга байна шүү дээ. Зүгээр л хэн,  хэндээ найдаад сууна?

-У.Хүрэлсүх үүнийг хийнэ гэж гарч ирсэн шүү дээ. Яагаад хийхгүй байгаа  юм. Хийж чадахгүй бол ажлаа өг. Чаддаг нь хийнэ биз. Үүнээс өөр арга байхгүй. Бүх гадны улстай худалдааны алдагдалтай байна. Японоос баахан хуучин машин орж ирээд байдаг. Манайхаас гарч байгаа зүйл алга. ОХУ-аас өчнөөн зүйл авч байна. Эргээд гаргах юм  байхгүй. Худалдааны бодлогоо яаралтай харах шаардлагатай. Шатахуун импортлогч компаниуд хэд хэдэн удаа үнээ нэмлээ. Татварыг нь хөнгөлсөн ч үнээ нэмсээр л байна. Тэд Монголын төрөөс том байна шүү дээ. Тиймээс хүн бүр эрс шинэчлэлийг хүсэж байна. Монгол банк, Сангийн яам хоёр хэнд үйлчлээд байгаа юм бэ. Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжээд явах байгууллагууд юм уу. Эсвэл тусдаа бодлоготой газрууд юм уу. Яагаад нэг тийш хараад, ажиллаж чадахгүй байгаа юм бэ гэж асуумаар байна.

-Бүх зүйл ОУВС-гаас хамааралтай болчихсон юм шиг зүйлийг сайд,  дарга нар ярьдаг. Эдийн засгийн өсөлт, цалин, тэтгэвэр нэмэх, төсвийн бүрдүүлэлт, татварын асуудал гэх мэт бүх зүйл ОУВС-гаас хамааралтай гэсэн.  Олон нийтийн зүгээс энэ байгууллагыг “хадны мангаа” гэж хараад,  дүгнээд байх юм?

-Манайх олон улсын санхүүгийн байгууллагаар дамжуулаад их хэмжээний мөнгө авчихсан юм. Энэ мөнгөө төлж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Тиймээс “ОУВС”-гаас дотоодын аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудаа сахилгажуул,  хөрөнгө мөнгө хураа, өр зээлээ төл гэдэг шаардлагыг тавьсан. Өр зээлээ төлөхийн тулд коммунизм байгуулах юм уу. Нэг бол зах зээлийн тогтооцоог боловсронгуй болгох уу. Энэ асуудлаа шийдэж, төлбөрийн чадамжтай бол гэсэн шаардлагыг тавьж байгаа шүү дээ. Түүнээс бидний өмнөөс шийдвэр гаргаж хийж өгөх гээд байгаа зүйл огт биш. Зээл авах болохоор алгаа тосчихоод, эргээд өгөх гэхээр элдэв шалтаг тоочоод байж болохгүй юм. Үүнийг төлөхийн тулд нийгмээ яаж шинэчлэх вэ гэдгээ шийдэх ёстой.  Үүнд “ОУВС”-гийн буруу гэж байхгүй. Энэ байгууллага манай улсыг сөнөөх нь гэж худлаа ярьж байна. Тэгвэл гаднаас зээл авахаа боль. Авсан зээлээ төлж сур. Өөрсдөө гуйж зээл авчихаад дараа нь бусдыг муулдаг муухай монгол зангаа болиоч.  

-Амлалтаа хэрэг­жүүл­дэг­гүй байдал манайд жинхэнэ утгаараа бий болсон. Үеийн үед  ийм байсан. Одоо бүр арга нь  нарийсч байна. Сонгогчид бараг  амлалтыг нь  ч мартчих юм?

-Төрийн албан хаагчид болон олон нийт МАН, АН-ыг ээлжиж сонгодгоо болих ёстой. 2020 оны сонгуульд энэ хоёр намын угшилтай хулгана байсан ч бүү дэмж. Сонгууль болохоор 5000 төгрөг тараадаг. Үүнийг нь хорооны болоод хэсгийн дарга нар хийнэ. Дүүргийн намын дарга нар хүртэл оролцоод, бүр сүлжээ болоод хөгжчихсөн. Тэгж иргэдийн саналыг  худалдаад авчихдаг. Хуулиар сонгуулийн сурталчилгааг 14 хоног болгож, хавчиж байна. Энэ хугацаанд хүн юу ярих юм бэ. Иргэд нийгмийн амьдралдаа идэвхгүй, ямар ч улс төрийн боловсролгүй болохоор үүнийг нь далимдуулах юм. Хамгийн их улстөрждөг газар бол төрийн алба. Ялсан намыг дагаж улс төр хийдэг байдал газар авсан. Бүгдээрээ энэ нийгмийг яаралтай шинэчлэхгүй бол удахгүй  дөрвөн хөлөөрөө мөлхөж, амаараа шороо үмхэнэ.

-Улс орны хөгжлөөс илүү албан тушаалаа  булаацалдсаар  байтал үүрэгт хугацаа нь дуусах юм. Үнэндээ улсаа хөгжүүлэх сонирхол, гуравхан сая хүнийг “бөмбийтөл” аваад явах сэтгэл алга байна гэж харагддаг. Бид 30 сая болчихоод энэ дайны нийгэмд амьдарч байвал аргагүй биз гэх байх?

-Төрийн албан тушаалд очлоо, бүх эрх мэдэл гарт нь байна. Одоо юу хүлээх гэж. Ёстой хийдэг, бүтээдэг  үе. Үүнээс илүү боломж гэж байхгүй шүү дээ. Бид “Эрдэнэт”-ийн 49, Оюу толгойн 34 хувиа дэлхийн зах зээлд гаргах юм бол улс орны хөгжилд асар их дэм үзүүлнэ. Яагаад  энэ талаар буруу, зөрүү шийдвэр гаргаад байгаа шүүгч нартаа хариуцлага тооцохгүй байгаа юм бэ, У.Хүрэлсүх сайд аа.  Төрийн ажлыг яагаад шүүгч нар хийдэг болчихсон юм бэ. Засгийн газраа татан буулгачихаад, шүүгч нараар удирдуулдаг болох юм уу. Энэ асуудлаа нэг талд нь гарга л даа. Хүний амьдрал мөнх биш. Бидний хойч үе Африк шиг улсад амьдрах болчихоод байна. Төр засгийн удирдлагууд бүгд  хүүхэдтэй байх гэж бодож байна. Энэ нийгэм бүхэлдээ нураад унавал, тэдний  үр хүүхэд хүртэл сайхан амьдрах боломжгүй болно.

-Намрын чуулганаар сонгуулийн тухай болон намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ талаар та  ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн сурталчилгаа 45 хоног байхгүй бол иргэд улс төрийн боловсролгүй боллоо. Сурталчилгаа цөөхөн хоног болохоор мөнгөний сонгууль болж хувираад байна. Иргэн болоод насанд хүрсэн хүмүүс заавал сонгуульд оролцож, саналаа өгдөг байх ёстой. Хэрвээ иргэний үүргээ биелүүлэхгүй бол гадаад паспортыг нь хурааж, хар тамга дарах хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог холимог системд оруулах шаардлагатай. Үүнийг дэндүү жижигхэн болгоод, жалга довны үзлийг хэт дэвэргэж байна. Ийм байхаар яаж улсын бодлого явах юм бэ. Энэ байдлаараа бол бөхчүүд, нийтийн дуучид УИХ-д орох юм байна. Хувийн ёс суртахуун, боловсрол хэрэггүй юм байна гэж ойлгогдож байна шүү дээ.

-2016 онд та Эрдэнэтэд нэр дэвшсэн. Сонголт  иймэрхүү байна гэдгийг гадарлаж байв уу?

-Тийм ээ. Зөвхөн миний нэр дэвшсэн тойрогт гэхэд дөрвөн тэрбум төгрөг тараасан. Машинтай хүмүүс  хүн зөөж, МАН-д санал өгүүлж байсан юм. Санал өгөлт хяналтгүй байсан. Цагдаа нэр дэвшигчидтэй хөөцөлдөөд байснаас бусад зүйлд анхаарал тавиагүй. Мөнгө тараасан хүнийг барьж өгөхөд, асуудлыг шийдээгүй. Бид сонгогдохгүй байж болно. Луйварчин, дээрэмчин гэх мэт болдоггүй хүмүүс нь сонгогдог ээ, хамаагүй.  Гэхдээ 10 жилийн дараа харамсаад,  гол чинь харлах байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно  байх даа.

-Хэнтийд  нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Хэнтийд нэр дэвшлээ гэхэд иргэд нутгийнхаа хүнд санал өгнө гэх юм билээ. Хэнтийд төрөөгүй нь тэгээд миний буруу юу. Яагаад ийм фашист үзэл гаргаад байгаа юм бэ. Хэрвээ ийм байх юм бол Улаанбаатарт битгий орж ир л дээ. Тэр орон нутагтаа байна биз. Яагаад манай Улаанбаатараас нэр дэвшээд байгаа юм бэ. МАН, АН-аас нэр дэвшсэн хүн сонгогдох магадлал муу болохоор нэрээ бодоод, хойшлуулж байна.  Дараа жил сонгууль хийгээд нэмэргүй бас утгагүй.  

-Таныг АН-д элссэн энэ тэр гээд байна. БНН-аа яасан юм бэ?

-Би БНН даа байгаа. АН-тай нийлье, эвсэе гэж бодсон. Гэхдээ АН бол жижгэрүүлсэн МАН. Бүх зүйл нь мөнгө болчихсон юм билээ. Мөнгөний дон тусчихсан. Дотоод сонгууль хийсэн. Энэ нь бүгд худлаа. Тэр тэдэн оноо авсан гээд бичээд  суудаг.  Цагтаа би  энэ намыг байгуулж явсан. Ийм байхаар намын үнэлэмж уналгүй яах вэ. Монголчууд гоё даргыг биш хариуцлагатай, шударга нийгэмтэй, дор бүрнээ ажилтай, амьдралтай байх гэж сонголт хийдэг. Гэтэл дарга нар гоё бие хаа, царай зүстэй болохоор намайг сонголоо гэж эндүүрээд байх шиг байна. Ийм байхад яаж шударга ёс, хариуцлага тогтож, хүн ажилтай амьдралтай байх юм бэ. Түүний тулд эрс шинэчлэлийг эхлүүлж, өөрчлөлтийг хийх ёстой.