ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Элэгний Д вирусын халдвартай иргэдийг эмчлэх зардлыг төр даана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-03-27

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сард Буриадын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Энэ үеэр Монгол иргэдийг Буриадад Д вирусын эмчилгээнд хамруулах яриа хэлэлцээр хийсэн.Буриадын Эрүүл мэндийн сайд  манай улсын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаж иргэдийг Д вирусын эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурах түвшинд ирсэн. Сарын эмчилгээний зардал нь 160-170 мянган рублийн үнэтэй эмчилгээг хоёр талаас ярилцаад 25  мянган рублиэр буулгаж 135 мянган  болгохоор ярьж байна. Түүнчлэн АНУ-ын "Hipatitis" компанитай Д вирусын эмчилгээний бүтээгдэхүүн авахаар цахимаар гурван удаа уулзалт хийсэн. Азийн бүсийг хариуцсан дэд захиралтай нь мөн нэг удаа уулзлаа. Иймд энэ компаниас гаргасан эмийг  эмчилгээнд хэрэглэх талаар ярьж байна.  Европын холбооноос энэ эмийг хэрэглэхийг дэмжиж бүртгэсэн байдаг тул бид ч бас ашиглаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрч, эмчилгээнд хэрэглэхээр судалж эхэлсэн. Тэгэхээр дотоодод хэрэглэж болох юм байна гэж үзсэн.

Европын холбоонд зарагдаж буй үнийн хувьд сарын өртөг нь 12 мянган  евро бий. Харин бид АНУ-ын эмийн үйлдвэртэй нь хэлэлцээр хийснээр дээрх үнээс найм дахин бага дүнгээр оруулж ирэхээр төлөвлөж байна. Мөн дундын зуучлагч компанигүйгээр шууд үйлдвэрээс нь оруулж ирэхээр хэлэлцээр хийж байгаагаа өнөөдөр Засгийн газарт танилцуулсан. Улмаар иргэдийн эрүүл мэндэд нэн хэрэгтэй тул дэмжлэг үзүүлж,  ажлыг яаралтай хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Цаашид хоёр чиглэлээр арга хэмжээ авна. АНУ-ын оруулж ирэх эмчилгээний зардлыг бууруулахын тулд гаалийн татвараас чөлөөлөх асуудал яригдаж буй. Байнгын хороонд энэ талаар танилцуулах юм. Д вирусээр өвчилж буй иргэдийн дийлэнх нь ахмад настнууд байдаг тул эмчилгээний зардал өндөр байх нь тэдгээр иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Татвараас чөлөөлснөөр үнийг хэт өндөр байхаас сэргийлэх магадлалтай.

Иймд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталж өгсөн. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусын эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.