ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нам дагасан “нусак”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-21

Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил болгон” зарласан. Дэг журмыг ч чангатгахаар болж, төрийн бүхий л байгууллагууд хэрэгжүүлэхийг үүрэгдэж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “лүндэн” буулгаж байлаа.  2018 он дуусахад гуравхан сарын хугацаа үлдээд байна. Харин энэ жил сахилга хариуцлага төрийн байгууллагын бүх шатанд дээшилж, дэг журам чангарсан уу.  Үгүй. Харин ч улам бүр суларч, мөнгө өгч албан тушаалд хүрсэн гэж хардагдаад байгаа “хурган” дарга нар улам гаарч байна. Яамны байранд архидаж, нэгнийхээ аминд хүрсэн хэргийн шуугиан намдаагүй.

Сахилга хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө юу ч хийгээгүй учраас тэр. Сайндаа л төрийн байгууллагуудаас архины шил олох эрэлд мордож, олбол сүржигнүүлэхээс өөрийг хийхгүй байна. Засгийн газар “шил цуглуулах” зуур архидалт албан өрөөнөөс аль хэдийнэ хальж, хурал цуглаан, чуулганы хэмжээнд оччихсон.

Төрийн албанд ороод, нэг сэтэр зүүчихсэн нам дагасан залуус хаа сайгүй хурал, чуулган хийж, архидаж, элдэв хэрэгт нэр холбогддог боллоо.  “Говь-Алтай аймгийн МАН-ын залуус зодоон хийж, нэгнийгээ гэмтээжээ”, “МАН-ын залуус машинаа шатааж, нэгнийгээ хүйтэн мэсээр гэмтээв үү”.

МАН-ынхан архидаж байгаад нэгнийхээ аминд хүрлээ. Дэд сайд будилаан хутгасан байжээ.  АН-ын залуус “Нийслэлийн чуулган-2018” чуулганаа хийх үеэрээ архидан согтуурч, нэгнийхээ гарыг түлжээ гэсэн мэдээлэл хэвлэлээр, цахим ертөнцөөр хөвөрч байна.  Бүр түлэгдсэн хүнийх нь зураг, хөрөг ч гарсан. Үндэсний хэмжээний хоёр том намын залуучуудын байж байгаа царай энэ.  Хамгийн гол нь энэ бүх хэрэг явдлын цаана архидан согтуурсан үедээ муудалцаж, маргалдсан гэдэг нь анхаарал татах асуудал болчихлоо.  Хэнд ч хэрэггүй баахан чуулга уулзалт хийдэг. Ямар ч үр дүнгүй. Ядаж байхад бүсчилж хийхийг нь яана. 
 

Тэр чуулганаар нь улсын битгий хэл багийн хөгжлийн талаар ч ярьж байгаа юм байхгүй. Хоосон лоозон, хийрхлээр дүүрэн. Гол зорилго нь архидалт. Сум, аймгийн удирдлагууд төвөөс ирсэн гэх нам дагасан сагсалзуур залуучуудыг төсөв,  мөнгөө хумслан байж архидуулж, дайлж, цайлна.  Өнөөх нь ямар нэг даргын сэтэртэй бол бүр ч их архидуулах шаардлагатай болдог байж таараа. Эсвэл жижиг сонгуулийн үеэр “хор найруулах” гэж архидуулдаг нь аль хэдийнэ ил тод болчихсон.  Намуудын яриад байгаа шинэчлэл, ёс зүй, сахилга хариуцлага хаана байна. Нам дагасан, цүнх барьсан, даргын ул “долоосон” хэдэн залуучууд сагсалзаж, арсалдахаас өөрийг хийхээ больсон.  

“Долоо хоног архидаад “хурган дарга” болно” гэдэг мэргэн үг хүртэл “гарчихаж”.   Сүржин шинэчлэл, ёс зүй, нэр төр ярьдаг хоёр том намын лидерүүд, дарга нар цүнх баригчдаа байранд нь аваачиж тавихгүй бол нэр төрийг чинь барж дууслаа.  Төрийн албанд хэрэгжүүлээд байгаа сахилга хариуцлагын жилээ.

Яам, тамгийн газар, хэлтэсүүдээс хайгаад байгаа архигүй орчноо намдаа бүрдүүлээч.  Хэн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай нь албан тушаал ахидаг шударга тогтолцоог бүрдүүлэх цаг болоогүй юу. Олон чуулганд оролцож, долоо хоногоор дарга нартай архидаж чадсан ходоод гэдэс сайтай, бага сага мөнгөтэй залуучууд сэтэр зүүдэг эрүүл биш тогтолцоогоо халах болоогүй юу.  

Шинэчлэл гэдэг үүнээс л эхлэх учиртай. Түүнээс биш олон газар чуулган хийж, архидаж, алингаа алдаж, нэгийгээ зодож, эмэгтэй хүнийг гэмтээж, сагсалзсанаар шинэчлэгдэнэ гэж бодохгүй байна.  Яг үнэндээ төрийн алба гэдэг хоёр том намын батлахтай хүмүүсээрээ л дүүрсэн. Тэр дундаа эрх баригч намын эрээвэр хураавар залуучуудын цуглуулга. Мэдээж олон дунд сайн нь бий. Гэхдээ муу нь, ямаан омогт нь, сагсалзуурууд нь дийлэнх болоод байна. Тиймээс төрийн байгууллагуудын өрөөнөөс шил, лааз хайхаасаа гадна ёс зүй заах хэрэгтэй.  Архидаж сэтэр зүүсэн биш амжилттай ажиллаж дарга болсон залуусынхаа тоог нэмбэл эрхэм дээдэстнүүдийн чихнээс хонх уямгүй санагдах юм.  Энэ улсын эрх мэдлийн сандалд ээлжилж суудаг хоёр том намын нас тогтож, буурь суусан дарга нар минь. Сагсалзуур залуучуудынхаа сартгараас нь татаад, байранд нь суулга аа.