ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОНЦЛОХ ЭШЛЭЛ: 20 минутын хот концепцийг хэрэгжүүлж, эрхзүйн реформыг хийнэ

O.Admin
2024-05-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ингээд Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

 

-Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй.

-Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна.

-Реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан.

-Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.

Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна.

-Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна.

-Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн.

-Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай.

-Сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно.

-Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал.

-Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна.

-Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

-Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй. Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.

-Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.

-Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.

-Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.

-Хан-Уул хот

-Яармаг хот

-Буянт-Ухаа хот

-Сонгинохайрхан хот

-Толгойт хот

-Баянхошуу хот

-Өнөр хот

-Баянгол хот

-Чингэлтэй хот

-Сэлбэ хот

-Сүхбаатар хот

-Дарь-Эх хот

-Баянзүрх хот

-Амгалан хот,

-Иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.

Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно.

-Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ. 

-Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байна.

-“GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа.

-Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.