ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

300 гаруй залуус эерэг хандлагыг долоо хоногийн турш уриална

O.Admin
2018-09-24

Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнөх юм байна.  Өнөөгийн нийгэмд өсвөр үе, залуучууд цахим сүлжээнд оролцолгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх болсон.  

Тухайлбал Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлээд байгаа билээ.

Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймд цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм. 

Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Хэлэлцүүлэгт оролцсон гурван зуун залуучууд эерэг цахим орчин бүрдүүлэх элч болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин- Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж, долоо хоногийн турш цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалсан эерэг мэдээлэл түгээх юм.  

Тухайлбал Даваа гараг “Эерэг мэдээллийн өдөр”, Мягмар гараг “Талархах өдөр”. Ням гараг “Хамгааллын өдөр” буюу энэ өдөр өсвөр насныхны цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар хүүхэддээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ, найздаа зааж өгөх өдөр аж.