ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баделхан сайд аа, сэрээрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-16

-Сайн байна уу, Х.Баделхан сайд аа. Та ипотекийн зээлийн асуудлаар ярилцлага өгөх боломжтой байна уу?
-Чадахгүй. Завгүй байна.

...Баян-Өлгий аймгаас УИХ-д суусан Х.Баделхан гэж хүнтэй сарын өмнөхөн эдийн засгийн гурван тулгуурт хөгжлийн бодлого танилцуулах чуулга уулзалтын үеэр ийм яриа өрнүүлж билээ. Тэр магадгүй завгүй байсан байх. Дараа боломжтой үедээ өгнө өө гэж хэлэхийг хүссэн биз. Харин “чадахгүй” гэдэг хариултыг тэр хэзээ ч өгөх учиргүй албан тушаалтан. Яагаад гэвэл, Монгол Улсын өрх бүрийн зовлон болж буй орон байрны асуудлаар шийдвэр гаргах, шийдэл эрэлхийлэх эрхийг намаасаа авчихаад сууж байгаа БХБ-ын сайд хүн.

Тиймдээ ч чадахгүй байсан ч чадах ёстой, эсвэл мэдэхгүй байсан ч мэдэх л ёстой сэдэв нь бол миний асуултад багтсан ипотекийн зээл, борлогдохгүй байгаа орон сууцыг зах зээлд борлуулах гарц гаргалгааг эрэлхийлэх явдал юм. Үүнийг чадахгүй байсан ч тэр чадна хэмээж, намаасаа сайдын суудал авсан хэрэг л дээ. Х.Баделхан сайдын талаар төдийлөн мэдэхгүй хүн хэдэн мянгаараа байдаг. Арга ч үгүй. Чуулганы танхимд тэр байгаа эсэх нь мэдэхгүй суудаг. О.Баасанхүү шиг од болж, эсвэл Ж.Батзандан шиг попорч давхих ёстой гэж чичлэхийг хүссэнгүй. Гагцхүү төрийн сайдын албан тушаалд хэтэрхий удаан чимээгүй сууж байгааг нь энэхүү нийтлэлээр сануулахыг хүслээ, сайд аа. Х.Баделхан ажлаа авсан даруйдаа товч бөгөөд тодорхой гурван зүйлийг амлаж байлаа. Тодруулбал, цэвэрлэхийн үнэрийг арилгана, чадахгүй бол ажлаа өгнө гэсэн. Ипотекийн урьдчилгааг бууруулна, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж, яндангийн тоо цөөлнө гэх амлалт өгсөн юм.

2017 оны арванхоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч “Борлогдохгүй байгаа орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тодорхой шийдэл байгаа. Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах, хүүг багасгах, мөн ахмад настан, төрийн албан хаагч, зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах боломжийг судалж байна” хэмээн ярьж байлаа. Төд удалгүй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй 2018 оны нэгдүгээр сарын 22-нд уулзахдаа “Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох талаар яригдаж байгаа. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Судалж байна” хэмээн ярьжээ. Хамгийн сүүлд “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд “Түрээсийн орон сууцны ажлыг үргэлжлүүлэхээр судалж байна. “Буянт-Ухаа-2” хорооллын үлдсэн барилгыг энэ намар ашиглалтад оруулна. Энэ зун төв цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэхгүй. Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах ажлыг Сангийн яамтай хамтарч хийсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барина” гэжээ. Харин өчигдөр дахиад л Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүй болгох талаар судалж явсан сурагтай.

Ажлаа авснаас нь хойш бүтэн долоон сарын хугацаа өнгөрчихөөд байхад сайд судалсаар л байна. “Тавдугаар сард үнэргүй болгоно оо” гэсэн тов тодорхой амлалт нь цаасан дээр үлдсэн байх юм. Харин өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоор дүүрэн бохирын үнэр тархаж, дарга цэрэгтэйгээ хамт хордлогод орчихгүй тэсч үлдэв. Сайдын гэрт үнэртсэн л байх, бодвол. Хамгийн чухал нь эзнээ хүлээсэн, ашиглалтад орсон 35 мянган орон сууц, түүнийг барьсан барилгын компаниуд, тэнд орох боломж “анасан” монголчууд бүгд барилгын сайдыгаа сэрж ажилдаа орохыг хүлээсээр бүтэн долоон сар цугтаа “унтаж” байна. Банкууд ипотекийн зээл олгохоос татгалзаж, барилгын компаниуд алдагдал хүлээхгүй гэж гэдийж, дунд нь харин барилгын сайд судалж суусаар байтал зун дуусч намартай золгох нь. Өнөөх түрээслээд өмчлөх боломжтой гэх үлгэр мөрөөдөл хэвээр үлдэж, нийслэлчүүд ирэх өвөл дахиад л утаа, ханиад, хатгаа гурваар улстөржиж, жагсч цуглах нь тодорхой болов. Ерөнхий сайд аа, барилгын салбараа амь оруулж, Х.Баделхан сайдыгаа нойрноос нь сэрээгээч.

Ажил нь ч эхлээгүй байгаа түрээсийн орон сууцны ажлыг хурдхан эхлүүлчихмээр байх юм. Зуны сар талдаа орчихоод байхад журмаа ч гаргаж амжсангүй, та харин хөдөө тэнээд олдохгүй юм. Цэвэрлэхийн үнэр танарыг арилгах талаар яриад ч хэрэггүй биз. Сарын давтамжтай судалж буйгаа ярьсныг нь харахаар Х.Баделхан сайд ярьж чаддаг юм байна. Бас зав гаргадаг юмсанж. Харин ажлаа хийж чаддаггүй юм байна. 20 мянган айлыг орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөг хэрэгтэй юм билээ. Зах зээлд байгаа 35 мянган орон сууцанд 20 мянган өрхийг оруул гэж попрохгүй ч ядахдаа л хотын янданг 5000-аар бууруулчихвал энэ насандаа хийсэн таны хамгийн том гавьяа болох байх даа. Одоо нойрноосоо сэрж, ажлаа хийе, журмаа ч баталчихмаар байна. Шавар зуурч, шороо зөөгөөд барилга барь гэж шүүмжлэхгүй ээ. Гагцхүү барьчихсан барилгыг нь эргэлтэд оруулах талаар нэг ч болов шийдвэр гаргая. Та зав гаргаарай, бас заавал чадах ёстой юм шүү.