ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Оюунбаатар: Хэнтий аймгийн иргэд нөхөн сонгууль явуулахыг шаардаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-17

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль явуулахыг  нэг нам боогдуулж,    сонгох эрхийг  нь бүдүүлгээр зөрчсөнийг эсэргүүцэж  3500 иргэд, сонгогч  гарын үсэг зурж өргөдөл гаргасныг Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр  орон нутгийн иргэдийн төлөөлөл, МАХН-ын  гишүүд, дэмжигчид   хамтран  гардуулжээ.

Хүний эрхийн хуульч, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар 3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд гардуулж өгсөн юм. Тэрбээр  “Өнөөдөр монгол хүний эрх, Хэнтий аймгийн ард түмний эрх, УИХ-ын 42 дугаар тойрогт амьдарч буй 18 мянган иргэний эрх зөрчигдөж буй асуудлаар  Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Улсын төсөв болон цаг үеийн бусад асуудлаас илүү ач холбогдолтой, монгол хүн төрд сонгох, сонгогдох, төлөөллөө гаргах энэ том эрхийг зөрчиж байгаа ноцтой асуудал Монгол Улсын түүхэнд гарч ирж байна.  

42 дугаар тойргийн 18 мянган иргэд, сонгогч УИХ-д төлөөлөлгүй байна гэдэг нь Монгол Улсын төрийн үйл ажиллагаа доголдож байна гэсэн үг. Иймээс Хэнтий аймгийн ард түмний Үндсэн хуулийн цэцэд, Монголын төрд хандаж гаргасан 3500 хүний гарын үсэг бүхий өргөдлийг бид хамтран өргөн барьж байна. Энэ бол монгол хүн болгоны асуудал. Хүн бүр эрхээ эдлэх, төрөө барих, төрдөө сонгох, сонгогдох, төлөөллөө гаргаж ирэх Үндсэн хуулийн тулгуур эрх, монгол төрийн оршин тогтнохын үндсийн үндэс болсон асуудлыг бид өргөн барьж байгаа юм.

Гарын үсэг, бичиг баримт бүрэн  эхээрээ  байгаа. Хэнтий аймгийн сонгогчдын 4/1 нь асуудал тавьж, нөхөн сонгуулийг нэн даруй явуулахыг шаардсан шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуульд хяналт тавьж байдаг Үндсэн хуулийн цэцэд  гаргаж байна. Нөхөн сонгуулийг хойшлуулах элдэв шалтаг, шалтгаан хайж, боож боомилж байгаа МАНАН-гийн бохир бүлэглэлийн үйл ажиллагааг Монголын ард түмэн, Хэнтийчүүд МАХН эсэргүүцэж байна. Бид байр сууриа  албан ёсоор илэрхийлж байна” гэв.