ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр гишүүн ээ, тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй гэдэг дээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-06

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр Баавар вангийн удам гэдгээрээ гайхуулж явсан Н.Оюундарь гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь олонд ил болсон. Эрхэм гишүүн сэтгүүлчдийн өмнө үсээ шидэлж байгаад л уучлалт гуйхгүй, гэхдээ тэр зээлийг чинь төлчихнө гэж даналзсан нь саяхан.

Тэгвэл сайн эцгийн нэрээр улс төрд орж, төдийгөөс өдийг хүртэл Жадамбаа генералын нэрээр шударга дүр эсгэж явсан Ж.Энхбаяр гишүүн мөн л өөрийн эзэмшлийн компаниар зээл авсан нь илэрч олны сэтгэлийг гонсойлгосон. Өнөөх УИХ-д авлигын эсрэг лобби бүлэг хүртэл байгуулчихаад, авлигатай тэмцэнэ гэж явсан эрхэм гишүүн маань өөрөө авлига авсан нь илэрсний дараа “Ж.Энхбаяр бол тэнэг хүн.

 Бизнес эрхэлж байгаа залуусыг дэмжсэний төлөө тэнэг” гэх мэтээр поп утгатай пост хийлгэж, мөн л өөрийгөө эвгүй байдалд оруулж байв. Тэгвэл өчигдөрхөн олон нийтийн өмнө гарч ирээд уучлалт, гуйж бүр зээлээ нэг өдрийн дотор эргүүлж төлнө хэмээсэн эрхэм гишүүний мэдэгдэл талархал гэхээс илүүтэй эгдүүцэл төрүүллээ.

Тэр өнгөн дээрээ шударга дүр эсгэдэг ч цаанаа тун ч хоржоонтой “хор хутгагч” байсан нь энэ өдрүүдэд илэрч байх шиг. Бас болоогүй үүнийгээ зөвтгөж “Хулгай хийж, тендер, концесс авч, улсын үйлдвэрт шахаа хийж, албан тушаал хөөцөлдөж явсангүй. Зээл авч ажлын байр бий болголоо” хэмээн жиргэжээ. Гэвч жирийн иргэдийн авах ёстой зээлийг улстөрч авсан нь хулгай биш гэж яаж хэлж чадаж байна вэ, гишүүн ээ. Харин түүний дэргэд төсөв нь улайчихсан төрд итгэж концесс аваад өөрсдийн мөнгөөрөө бүтээн байгуулалт хийгээд явж байгаа компаниуд чинь харин ажил хийх гэж оролдож байдаг юм. Улсын бүх ажилд хууль ёсны дагуу оролцож тендер, концесс авах, жирийн иргэдийн халааснаас 950 сая авах хоёрын аль нь шударга вэ гэдгийг ард түмэн ялгаж салгахтайгаа байна.

Ядарсан ард түмнээ яаж ч доромжилж болох ч үүнээс илүү доромжлол гэж юу байх билээ. Магад эрхэм гишүүнийг хардаж бичсэнчлэн өөрийн эзэмшлийн “Газар капитал” гэх ББСБ-аараа дамжуулж мөнгө угаагаагүй гэх баталгаа ч алга. Үүнийг ч хууль хяналтынхан шалгах ёстой бус уу. Тухайлбал, өнөөдөрхөн хуралдсан бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн А.Сүхбат "Шинэ сонгогдсон гишүүд бид юугаа мэдэх билээ дээ. Олон сонгогдсон Ж.Энхбаяр нарын туршлагатай гишүүд л  ЖДҮ-ээс зээл ав, зүгээр гэж хэлсэн шүү дээ. Тэгээд л бид авсан. Бид ийм юм болно гэж яаж мэдэх билээ” хэмээн ярьсан сураг ч Төрийн ордонд дуулдаж байна. Ж.Энхбаяр гишүүн ээ, тэнэг хүн дуугүй байхдаа сүртэй гэдэг дээ. Нэгэнт хулгай чинь илэрчихээд байхад одоо дуугүй байж болдоггүй юм уу. Ингэж шоудах тусмаа л та өөрийгөө барьж өгөөд байх юм. “Хулгайч л хулгайчийг бариарай” гэж хамгаас чанга орилдог гэдэг дээ.