ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: С.Зориг агсны хэргийг Г.Эрдэнэбат прокурор будилаан хутгасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар  “Хуулийн салбарт ажилласан 30 гаруй жилийн түүхээ эргэн санахад надад туйлын харамсалтай санагдаж байна. Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Би арай ядан байж С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ хэрэгт хачин зүйл их болсон. Би хоёрхон зүйл хэлье. Тухайлбал, хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь нууц албаны ажилтан байсан. Тэр өмгөөлөгч гээд байгаа нөхөр амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан.  Ийм хүнийг Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн эрх аваад ямар ч хэргийг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон.

Өмгөөлөх эрх гэдэг зүйл байгаагүй. Түүнчлэн энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Энэ хүнийг арван сар  хориод, хэрэгсэхгүй болгож сулласан.  Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй, шүүх хурал хийдэг ёс Монгол Улсад тогтсон. Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн биш.  гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат прокурор. Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлсэн.  Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм” хэмээн ярилаа.