ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс болсон М.Энхболд та ажлаа өг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-29

УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг үдээс өмнөөс эхлэн хэлэлцэж, улмаар гишүүд асуулт асууж Ерөнхий сайдаас хариулт авч дууслаа. Одоо гишүүд үг хэлж байна.

Ш.Раднаасэд: Өнөөдөр бид Үндсэн хууль хэлэлцээд сууж байх ёстой. Гэтэл энэ танхимд хөгжил биш хэрүүл ярьдаг боллоо. Хэрүүлийн бузар шүглэчихсэн юм уу даа. Энэ танхимаас шал өөр шийдвэр гармаар байна. Хөгжлийг яаж урагшлуулах юм. Ард түмний өмчийг идээд уучихсан байгаа концесс, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ярих ёстой. Төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-ийнхөө талд байна уу, эсвэл эсрэг байна уу. Бодох л ёстой асуудал. Өнөөдөр нэг талдаа шийдвэр гарах байх. Ялсан хүний зовлон маргааш эхэлнэ шүү. Өнгөрсөн дөрвөн жилд гурван удаа танхимыг нь салгаж байгаад, сүүлд нь Засгийн газрыг нь унагаж байсан. Намын даргаа та эвийг барьж ажиллахгүй бол болохгүй байх. Бурууг нь сонсож, зөвийг нь тунгаах ёстой шүү.

Д.Оюунхорол: МАН-ын гишүүний хувьд, олон жил төрд бэлтгэгдсэн улстөрчидтэй хамт бэлтгэгдэж явсны хувьд өнөөдрийн улс төрийн дүр зургийг хараад эмгэнэж, ичиж байна. Ингэтлээ доройтож явсан түүх бидэнд байгаагүй шүү. Энэ 27 хүн баба, олигархи гэж ярьж байна. Энэ үгээ татаж аваасай гэж бодож байна. Хэлэлцэж л байдаг юм. Арай ч үүндээ хүртлээ шившгээ дэлгэж байгаагүй юм.

Таны Засгийн газрын үед шударга бусын хонгил илүү биежиж байна. Дэргэдээсээ хариуцлагагүйн зудаа ярихгүй яасан юм бэ. Та УИХ-ын гишүүдийг хууль бусаар дарамтлах, гэмт хэрэгт орооцолдсон мэтээр бичүүлж байгаа. Би Монгол-Кувейтын 1.2 сая ам.долларыг чинь идээгүй. Танай Засгийн газар ТББ-д шилжүүлсэн юм билээ. Харин мөнгө төлж, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат хоёр идсэн гэж харлуулсан. Хууль хяналтын байгууллагад хандана. Үүнийгээ залруулаарай. Бизнес хийж байгаа хүмүүсээ дэмжихийн оронд гүтгэж, гутааж байгаад гайхаж байна. Хувийн өмчийг баталгаажуулах талаар уншаарай. Бизнесийн үйл ажиллагааг нь зогсооно гэж яриад сууж байна. Эмгэнэлтэй байна. Монголын ард түмэн дэмжиж байна гэж байна. Гэхдээ таны эсрэг хүмүүс бидэнд бас хандаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг эхлүүлж байна гэж байгаа. Албан тушаал таны нүдийг сохолчихож.

Л.Оюун-Эрдэнэ: Хаант улсын тухай нэг кино байдаг. Нэг хөл нь хөдлөхөөр аалзны тор тэр чигээр хөдөлж системээ хамгаалдаг. Монгол төр М.Энхболд, Т.Бадамжунай нар оролцсон, Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн хонгилд орсон. Энэ бүхэн нарийн зохион байгуулалттай явж байгаа шүү. Нүүрсний мөргөцөг алга болсон. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь яаж шийдэгдэв. Энэ бүхэн АТГ-т очихоор усанд хаясан чулуу шиг замхардаг. Бүтэн жил хуралдаагүй Ёсзүйн дэд хороо өчигдөр гэнэтхэн хуралдах гэж санаархлаа. Миний хамгийн их хүндэлдэг С.Бямбацогт тэргүүнд нь гүйж явсан. Намайг мэдэгдэл хийсний дараа УИХ-ын Тамгын газрын дарга, АТГ зэрэг мэдэгдэл хийж байгаа юм. Яг л эцэг аалзаа хамгаалдаг систем шиг.  МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс болсон М.Энхболд та ажлаа өг. Танд энэ суудалд суух эрх байхгүй шүү.

Н.Номтойбаяр: Та асуултад бүдэрсэн. Та эр зориггүй юм байна. Хариулж ч чадаагүй. ЖДҮ-чин сайд нараа зайлуулж, Хадгаламж банкны асуудлаа шийдчихээд та шударга ёс ярь. Тэгвэл би таныг сонсох бүртээ баярлана. Тэрнээс нааш та битгий шударга ёс яриарай. 30 гэр бүлийн асуудлыг та ярилаа. Өнөөдөр ойгоо тэмдэглэж байгаа, 25 жил сэтгэлээрээ ажилласан компанийн хамт олон худалч, хулгайч олигархи болчихлоо. Та Цагаан суваргын ордыг буцааж өг гэж байна. Ард түмний өмч гэнэ. Гэхдээ ашиглах, өмчлөх эрх өөр шүү. Та бид хоёрын дараагийн уулзах газар шүүх. Та өөрөө ирээрэй. Маш их гутаан доромжлогдлоо. Бүгдийг нь төрийн өмчдөө ав. Латин Америк шиг тогтолцоотой болмоор юм байна. Маш хариуцлагагүй үг хэлсэн шүү, та. АН-ынхан хүртэл гутарлаа.

Б.Тогтох