УИХ дахь Ардчилсан намын ээлжит хурлаа хийсний дараа Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Бүлгийн мэдээллийн талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үзэл бодлын ялгарал, уралдаан их явж байна. Өнөөдрийн Ардчилсан Монгол орны үнэт зүйлд харш зүйл их явагдаж байгаад манай нам эмзэглэж байгаа. Ийм үед бид намынхаа Их хурлыг хуралдуулж, үзэл санаагаа бататгах нь зүйтэй гэж үзсэн. Намынхаа хурлын дараа бүлгээ хуралдуулаад байр сууриа илэрхийлээд явна” гэлээ.
Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ “Улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй ард иргэдийн анхаарал УИХ-ын чуулган, эрх баригчдын дотоод зодоонд өнгөрсөн 14 хоног анхаарал хандууллаа. Энэ хугацаанд эдийн засаг муудлаа, доллар, махны үнэ хурдацтай өсч байна. Хэт хөөргөсөн ард иргэдийн тархи толгойг угаасан суртал ухуулга маш хүчтэй явагдах боллоо.
АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөх учиртай. Энэ дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд хариуцлага тооцохоор болж байна. Үндсэн дүрмийн хороо дөнгөж сая хуралдаад тогтоол шийдвэрээ гаргасан байна. Үүний өмнө манай намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл ногдуулахаар боллоо. ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбумын төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улстөрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй дээрх гишүүдийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн Ж.Батзандан гишүүнийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаагаар хасч байна” гэлээ.
Түүний дараа АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байна. Мөн АН-аас Д.Мурат, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд гараад, бүлэггүй болох нөхцөл байдал үүссэн ч байр сууринаасаа ухрахгүй гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн юм.