ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мурат: Эв нэгдэл, шударга ёсны төлөө төр тогтвортой байх ёстой гэж шийдвэр гаргасан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-04

УИХ-ын гишүүн Д.Муратаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж шийдсэн. Энэ шийдвэрийг юуны учир гаргав? 
-Ямар ч нөхцөлд төр засгийн тогтворгүй байдал нь эргээд эдийн засгийн дарамт учруулдаг. Биднийг энд Засгийн газрын сандал суудлын асуудлыг хэлэлцэж байхад баруун аймгууд тэр чигээрээ тог цахилгааны асуудалтай байлаа. Би нэг аймгийн Дулааны цахилгааны станцыг 10 гаруй жил удирдаж байсан хүн. Өвөл хаяанд ирчихсэн энэ үед тог цахилгаангүй, зутарч суух ямар байдгийг мэднэ. Энэ мэт асуудлаа ярилцахын оронд сандал суудлын хэрүүл хийж байгааг гайхсан. Тийм ч учраас төр засаг тогтвортой ажиллаж, энэ мэт асуудлаа шийдэх ёстой гэж үзсэн учраас шийдвэр гаргасан юм. Өвөлжилт хэцүүдэж, аймаг орон нутгийн малчид зудын нөхцөл байдалтай байхад засгаа огцруулаад бид юу хожих юм. Төрийг огцруулчихвал эзэнгүй болчихно. Дараагийн засаг томилогдож, ажлаа эхлэх хүртэл энэ мэт бэрхшээлтэй асуудалд хариуцлага хүлээх ч хүн олдохгүй болно. 
Тиймээс энэ мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг бодсон учраас тогвортой ажиллуулах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. 

-Нэг үгээр хэлбэл ямар нэг дарамт шахалт байхгүй гэсэн үг үү. Нам уг нь нэгдмэл байх болов уу гэж харсан ч гурван гишүүн эсрэг талд кноп дарсныг хүмүүс бизнесээрээ барьцаалагдав уу гэх мэтээр хардаж байгаа? 
-Тийм зүйл огт байхгүй. Би Монголын парламентад цөөнхийн төлөөлөл болж сууж байгаа хүн. Өлгийчүүд төрийн тогтвортой байдлыг хүссэн. Цаашлаад шударга ёс, эв нэгдэл хамгийн чухал гэдгийг ард түмэн хүссэн учраас энэ шийдвэрийг гаргасан. Би 1989 оноос эхлээд анхны нөхөрлөл байгуулагдаж байхаас бизнесээ эхэлсэн. Улс төрд орж ирэхээсээ ч өмнө бизнесээ хийж, алдаа, оноо амжилт дундуур туулаад гарсан. Хэн нэгэнд бизнесийн эрх ашгаар барьцаалагдсан зүйл байхгүй гэдгийг хэлье. 

-Тантай хамт гарын үсэг зурсан хоёр гишүүний нэгийг намаас хөөлөө. Нэг нь гарах өргөдлөө өгснөөр АН-ынхан УИХ-д бүлэггүй болох нөхцөл байдал үүсч байх шиг? 
-Би АН-ыг олон жил дэмжиж ирсэн. Энэ жил гэхэд л намынхаа удирдлагуудтай ярилцаж байгаад АН-ын баруун бүсийн чуулга уулзалтын зардлыг бүрэн дааж зохион байгууллаа. 1200 гаруй намын гишүүд дэмжигчдийн сэтгэлд хүрсэн арга хэмжээ зохион байгуулж чадсан гэж бодож байна. Баян-Өлгий аймгийн АН-ыг байртай болголоо. Энэ мэтээр намаа цаашдаа ч дэмжинэ. Надад одоогоор улс төрийн элдвийн тоглолт хийх бодол алга. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэр гаргах зүйл байж мэдэх л юм. 

-Намынхаа эсрэг ажилласан гэдэг л буруутгах шалтгаан болоод байна. Нам уг нь хайрцагласан байсан юм биш үү? 
-Өнөөдөр Монгол Улсад хамгийн муу нэртэй хүмүүс УИХ-ын гишүүд болсон. Нам бүлэглэл, фракцийн улс төрөөс болж л бид ийм нэртэй болчихлоо. Гэтэл бүлэглэл фракцийн зодоон дунд ороод төр засгаа самраад байвал дахиад л сайн нэр дуулахгүй. Ард түмэн үнэндээ улс төрийн энэ хэрүүлээс залхаж байна. Би Төрийн ордонд хөгжил, бодлого яригдаж байх ёстой гэсэн бодолтой хүн. Үүнийгээ ч олон удаа хэлдэг. Тийм учраас төр тогтвортой байх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Дахин хэлэхэд би цөөнхийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаа. Тиймдээ ч эдгээр хүмүүсийн хүсч байгаа шударга ёс, эв нэгдлийн төлөө шийдвэрээ гаргалаа.