ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Жижиг дунд үйлдвэрээ дэмж, өөр гарц байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-05

Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого тууштай хэрэгжиж эхэлснээр 2018 оны байдлаар зөвхөн энэ салбарт 60330 аж ахуйн нэгж идэвхтэй ажиллаж байна. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 77 хувь буюу ажиллах хүчний 47.6 хувийг бүрдүүлж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолжээ. Угтаа өрх бүр үйлдвэрлэгчтэй, ямар нэг байдлаар амьжиргаагаа залгуулах бизнес хийдэг гэсэн үг л дээ. Мөн бизнес эрхлэгчид өмнөхийг бодвол зөвлөх үйлчилгээ авах нь ихэсч, энэ хэрээр чанар, үзэмж, эрүүл, эко байх шалгуурт илүү тэнцэх болов. Маш том амжилт. Ингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөгч болж эхэлжээ. Гэвч, улс төрийн тоглолт, төр засгаа унагах гэсэн улстөрчдийн явцуу эрх ашгаас үүдэж ЖДҮ гэдэг үгийг бараг л амнаасаа унагах нь гэмт хэрэг мэтээр айдаг болов, бид. Цөөхөн хэдхэн улстөрчийн халаасанд орсон мөнгөнөөс болж, Засгийн газар ЖДҮХС-д мөнгө тавихаас цааргалах болжээ. Сүүлийн хоёр жил буюу 2018, 2019 оны улсын төсөвт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар арван төгрөг ч тусгаагүй гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар удаа дараа мэдэгдэж байх юм.

Ийнхүү 600 мянган аж ахуйн нэгжийн бизнесийн гарц, хөгжих боломж хэдхэн улстөрчийн хуудуутай үйлдлээс болж хаагдах нь ээ. Харамсалтай байна. Ерөөс улс төрийн өнцгөөр харахгүй гэж үзвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт гарах эерэг үр дүн нь юу байх вэ гэдгийг эдийн засгийн тооцоо судалгаатай ярих цаг нь болчихож. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 оны ЖДҮ, 2018 оны ЖДҮ хоёрын дунд алд дэлмийн зөрүү байгаа. Жижиг бизнес эрхэлнэ гэдгийг эсгий тавчик, түлхүүрийн оосор, цүнх төдийхнөөр хэмждэг цаг хугацаа саяхныг хүртэл байлаа. Гадны том үзэсгэлэн худалдаанд очиход “Говь”, “Гоёо”-гийн ноолуураас өөр өлгөөд ярьчих зүйлгүй, түлхүүрийн оосор, тавчик хоёроор зочдын нүдийг “хужирлаж” байсан гашуун түүх ч бидэнд байдаг юм. Энэ талаар хэвлэл мэдээлэл удаа дараа шүүмжилж, эсгий тавчикаас салах цаг болсныг сануулж байсан учраас төр эргээд энэ салбарыг тууштай дэмжиж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, “ЖДҮ-ийг хөгжүүлэх 2014-2016 оны бодлого” гэгчийг гаргаж, арилжааны банкны шалгуураас ЖДҮ эрхлэгчдийг салгаж байв. Үүний үр дүнд ажлын байр олноор нэмэгдэж, олон мянган аж ахуйн нэгж хөл дээрээ өндийж чадсан.

Монголчууд бүтээдэг, чаддаг гэдгийг харуулж, БНХАУ, Япон, Солонгос зэрэг томоохон зах зээлд хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, ноолууран бүтээгдэхүүн, цаашлаад дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн гаргаж эхэллээ. Энэ ажил жилээс жилд өргөжиж, өдгөө АНУ, Канад руу мах махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргахаар бизнес эрхлэгчид “санаархаж”, ажил хэрэг болгох талаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд дэмжиж байх юм. Гэтэл ийм эгзэгтэй цаг үед “ЖДҮ эрхлэгчдээ дэмжихгүй ээ” гэж мөнгийг нь танаж суугаа нь хэр зөв шийдвэр вэ. Дэлхий дахин эко, эрүүл бүтээгдэхүүнийг хүлээж байсан нь тодорхой болсон. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй бараа болон хувирчихлаа. Монголын бизнес эрхлэгчид дэлхийн хүн амд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байгаа энэ цаг үед төр бодлогоор дэмжиж, улстөрчдийн хэрүүлээс болж ЖДҮ-ийн салбараа нухчин дарж боломгүй санагдах юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Аж үйлдвэрийн яамны харьяанд ЖДҮХС хамаарагдаж байхад олон мянган үйлдвэрлэгчид тэрбум 700 сая хүн амтай БНХАУ-ын зах зээлд гарах анхны жимээ татаж байлаа. Хоёр улсын хамтарсан анхдугаар экспо гэгчийг зохион байгуулж, тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнээ борлуулаад ирж байсан юм. Тэнд олон ч аж ахуйн нэгж хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргахаар гэрээ хийж байсныг санаж байна.

Тухайн үед Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат “Монгол Улс дэд бүтцийн манаач байх ёсгүй. Бид оролцогч, үйлдвэрлэгч, аж үйлдвэржсэн орон байх боломжийг бий болгох учиртай” хэмээж байлаа. Энэ үгний үнэ цэнэ одоо ч буураагүй байх юм. Далайд гарцгүй ч хуурай газрын 44 хувийг, дэлхийн нийт хүн амын 4/3 амьдарч буй асар том зах зээл биднийг өнөө хэр хүлээсээр. Үйлдвэрлэлээ явуулаад, брэндээ нийлүүлээч хэмээн хүсэж, бас хүлээж байгаа. Манаач биш оролцогч байгаач, махаар биднийг тогтмол хангаач гэх сонирхлоо ил тод илэрхийлсээр дөрвөн жилийг үдлээ. Салбар яамны зүгээс бодит ажил эхлүүлж, Иран, БНХАУ руу адууны мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргаад эхэлжээ. Цаашлаад, Вьетнам, Малайз, Ойрхи Дорнод руу гаргахаар ярилцаж байгааг ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ. Энэ мэтээр мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийж байна. Харин Засгийн газар үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогоо хэзээ эхлэх вэ. Манайхаас бүтээгдэхүүн авах хүсэлт гаргасан дээрх улсуудын шалгуурт нийцсэн бүтээгдэхүүнийг хэн гаргах вэ. Мэдээж төр өөрөө үйлдвэр барьж мал, мах боловсруулаад суухгүй. Тэгэхээр өнөөх л муу нэртэй, луу данстай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чинь энэ ажлыг хийж таарна. Тэгэхийн тулд энэ хүмүүст санхүүжилт, дэмжлэг хэрэгтэй. Дэлхийн зах зээлд гарахын тулд зөвлөх үйлчилгээ авч, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага гарна. Тэр болгоныг өөрийнхөө санхүүжилтээр шийдээд явах нь хэд байх билээ. Тиймээс л ЖДҮ-ийг төр дэмж, харин эдийн засаг чинь хүсээд байгаа шиг солонгорч, өсөлт ирнэ гэдгийг дахин, дахин хэлээд байгаа юм. Ялихгүй зусар баяжихад саад гэгчээр улсын хөгжлөөс хойш татсан улстөржилтөөс болж Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлогоо мартаж огтхон ч болохгүй. Бидэнд өнөөдөр бариад очих цаасан дээрх төслөөс өөрөөр хийсэн ажил алга. Монгол брэндтэй. Мах махан бүтээгдэхүүний асар том зах зээл биднээс хэдхэн мянган км-ын цаана байхад судалж байна, ажил эхлээгүй гэдэг хариулт өгөөд сууж болохгүй юм. Тийм учраас ЖДҮ-ээ дэмж, өөр гарц байхгүй.