ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэболд: Үзэл баримтлалд нэгдэж байгаа бол АН-д тавтай морил

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-05

Өчигдөр АН-ын IX их хурал Төрийн ордонд боллоо. Тус хурлын талаар АЗХ-ны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Ардчилсан намын IX их хурал болж байна. Ямар асуудлууд хэлэлцэж байна вэ?

-Энэ их хурлаар АН-ын үзэл баримтлалыг шинэчлэн баталж байна. Өмнө нь хэрэгжиж байсан үзэл баримтлалаа үндсэндээ 50 хувь шинэчлэгдсэн. АН нийгэмд манлайлал үзүүлэхдээ ямар зарчмууд, үнэт зүйлүүдийг баримтлах юм. Үндсэндээ баруун төвийн үзэл баримтлалын гол гол шалгууруудыг тунхаглаж байгаа. Хуучин бол намуудын үзэл баримтлал гэхээрээ эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт идэвхгүй үгнүүдийг тавьчихсан байдаг байлаа. Орчин үед нийгмийн харилцаа маш хурдацтай болсон байна. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш 30-аад жилийн хугацаанд аваад үзэхэд нийгмийн харилцаа хэд дахин илүү хурдацтай болсон.  Мэдээллийн хурд нэмэгдсэн. Тухайн үед буюу 1989 оны хувьсгалаар ардчиллын суурь зарчмуудыг авахын төлөө явж байсан. Үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт. Харин өнөөдөр энэ бүх зүйл бий болчихсон. Өнөөдөр хүссэн даргыгаа шүүмжилж, болж байна. Үгээ хэлж болж байна. Жагсаал цуглаан хийх боломжтой байгаа. Техник, технологи, иноваци, нийгэм хөгжөөд мэдээллийн хурд ихэсчихлээр тэр үед ярьж байсан зүйлсийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй болно ло доо. Тийм учраас дараагийн софтвэйр буюу боловсронгуй болгож байгаа үйл явц нь АН-ын үзэл баримтлалыг шинэчилж байгаа хэрэг. 

-Тодруулбал, яг ямар өөрчлөлт хийв?

-Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, нь хуулийн засаглалыг дэмжсэн эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын тухай асуудлууд байгаа. Энэ таван зүйлийг яаж хамгаалах вэ гэдгийг зааж өгсөн. Энэ үзэл баримтлал батлагдаж байна гэдэг нь АН цаашид сонгуульд өрсөлдөхдөө, сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхдээ зөвхөн энэ үзэл баримтлалын хүрээнд энэ зарчмын дагуу дэвшүүлнэ. Хуучин улс төрийн намууд иргэдэд таалагдахын тулд мөнгө тараадаг юм уу, амладаг ч юм уу, заримдаа зүүний намууд нь барууны, барууны нам нь зүүний болчихсон байдаг шүү дээ. Намууд дарга нарынхаа нэрээр л ялгагдаад байснаас биш яг үйл ажиллагаагаараа адилхан болчихоод байсан юм. Тэгвэл АН улс төрд шинэ соёлыг тогтоолоо. Шинэ хандлагыг авч ирлээ. Бид бол баруун төвийн нам бид энэ хүрээ хязгаарыг давахгүй. 

-Энэ хурлаар намын даргын асуудал яригдах уу?

-Боломжгүй шүү дээ.

-Яагаад. Их хурлаар намын даргын асуудал ярьж болно биз дээ?

-Бид өмнөх Их хурлаар намынхаа 180.000 гишүүнээс санал аваад, марафон явуулаад даргаа сонгосон шүү дээ. Мөн АН-ын дарга шинээр томилогдсоноосоо хойш нэг сонгуульд ялагдсан уу. Ялагдаагүй. Тиймээс намын даргын асуудал ярихгүй. Харин 2020  онд нам ялагдах юм бол намын дарга асуудал яригдана.

-Яагаад ингэж асуугаад байна гэхээр өчигдрөөс АН бүлэггүй болчихлоо?

-Тэр бол тусдаа асуудал.

-Гаднаас нь харахад АН дотроо хагаралтай байгаа харагдаж байна. Өнөөдрийн хурлыг харахад ч гэсэн хуучны лидерүүд бага ирсэн байна?

-Хагарч байгаа хагарахгүй байгаа гэдэг асуудал бол хүмүүсийн хардалтаар хэмжигдэхгүй. Зарчмаа барьж байгаа асуудал. Жишээлбэл, “Намын дүрэм, журмыг биелүүлэхгүй, үнэт зүйл, зарчим надад таалагдахгүй байна” гэвэл өөр намд орох асуудал нээлттэй шүү дээ. Хүнийг заавал энд байх ёстой гэж хэлэхгүй. Сонголт хийх эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг. Зүүний намын бодлогыг дэмжиж кноп дарж байна гэдэг бол баруун төвийн үзэл баримтлалаасаа ухарч байна гэсэн үг. Энэ намын дүрэм, үзэл санаа нийцэхгүй байгаа бол намаас хасагдаж болно. Та өөрийнхөө сонголтыг цааш нь хийгээд явж болно гэж байгаа юм. Харин үзэл баримтлалаасаа гажвал дарга нь ч, цэрэг нь ч хариуцлага хүлээе.

-Хүмүүсийн дунд 2020 оны сонгуулиар АН хоёр хуваагдаж орох нь гэдэг яриа гарчихлаа?

-Би өөрт чинь хэлээд байна шүү дээ. Бид явж байгаа хамхуул болгоныг өшиглөж, дотор нь чулуу байна уу, үгүй юу гэж үзэх утгагүй. Хүмүүсийн дунд яригдаж байгаа, хардаж байгаа асуудал болгон үнэн биш. Тэгж ярих нөхцөл байдлыг төлбөртэйгөөр бий болгож ч байж болно. Магадгүй дотооддоо бусад намуудын өнцгөөс ч юм уу. Эсвэл намуудыг зөрчилдүүлсэний үндсэн дээр ашиг хонжоо  олдог хүмүүс ч юм уу. Эсвэл гадны явуулга ч байж болно. Сэтгүүл зүйд баталгаатай эх сурвалж гэдэг шиг эх сурвалжийг нягталвал зохино. Тиймээс анхдагч эх сурвалжийг авч үзэх ёстой. Хүмүүс юу ч ярьж болно шүү дээ. Өглөө босоод зүүдэлсэн зүүдээ ч ярьж болно. Тэгэхдээ хүмүүсийн хандлагыг буруутгаж болохгүй. Энэ чинь ардчилсан нийгэм. Үзэл бодлоо илэрхийлж байна.

-Тэгэхдээ зарим яриа үнэн болоод бай­на. Тухайлбал Ж.Батзандан, Л.Болд нар жилийн өмнөөс л намаасаа гарах гэж байна гэж яригдаж байсан нь үнэн боллоо. Мөн Х.Тэмүүжин гишүүн гэхэд өөрийнхөө хаягаас заримдаа намынхаа эсрэг байр суурийг илэрхийлдэг?

-Х.Тэмүүжин гишүүн бол манай үзэл баримтлалын ажлын хэсгийн гишүүн. Бид өдөр болгон уулзаж байгаа. Энэ үзэл баримтлалыг тууштай дэмжиж байгаа. Соошлд эсрэг гэхээсээ илүүтэй зарчмын байр суурь л илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, АН-ын эсрэг байр суурь илэрхийлж байна гэж харахгүй байна. Би ч Х.Тэмүүжин гишүүнтэй ихэнх зүйл дээр санал нэг байдаг. Жишээлбэл, “Монгол Улс парламентын засаглалаар явах ёстой” гэдэг дээр санал нэгдэж байгаа. Тэр зарчмын байр суурь баримталж байгааг нь намын эсрэг байр суурь гэж ойлгож болохгүй шүү дээ. Ер нь хүмүүс зарчмын ч байна уу, сонирхлын ч байна уу ямар ч байр суурь илэрхийлэх нь нээлттэй. Монголд намын шинэчлэлийн шалгарал явагдаж байна. Зарим намууд хоёр хуваагдаж байгаа. Үзэл санаагаараа нэгдэх ёстой. Энэ үзэл баримтлалд нэгдэж байгаа хүмүүс АН-д тавтай морил. Нэгдэхгүй байх юм бол улс төрийн сонголт хийх эрх нь байгаа.