ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: УИХ-ын дарга аа, гишүүдээ хүндлээд уулз

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Дараагийн асуудлыг хэлэлцэж, сайд Д.Сумъяабазар танилцуулга хийх байсан ч индэрт гарсангүй. Тиймээс гишүүд дахин горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Д.Сумъяабазар сайд аа, та картаа хийгээд, төслөө танилцуулаач ээ. Яг босох гэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь муухай хараад, хоорондоо тохилцоод суух юм.  Ингэж болохгүй ээ.  Картаа хий, асуудлаа хэлэлцэе” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын дарга аа, та наад гишүүдтэйгээ уулз. УИХ-ын гишүүнийх нь хувьд хүндэтгэлтэй ханд л даа. Тэр хооронд Л.Энх-Амгалан дарга хурлаа удирдана биз.  Энэ УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах нь зөвхөн гишүүн гэлтгүй удирдлагын үүрэг.

Энэ 4 гишүүн УИХ-ын даргатай уулзаад, асуудлаа ярь. Ийм санал байна. Нэг талын 100 хувийн буруу гэж байхгүй. Асуудал байгаа нь үнэн. Ярилцаж, ойлголцох ёстой. Энэ танхимд асуудлаа яриад, ойлголцох хэрэгтэй.  Хоёр талаасаа чангаалцаад байвал асуудал явахгүй шүү” хэмээн хэллээ.