ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын ээлжит чуулганаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг сайдаар томилох эсэхийг хэлэлцэх ёстой байсан. Мөн хэлэлцэх асуудлын дараалалд олон хуулийн төсөл байсан ч УИХ хуралдаж чадалгүй байсаар завсарлалаа.

Учир нь УИХ-ын дарга М.Энхболыг хурал удирдвал нэр бүхий гишүүд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэр ч ёсоор болж, гишүүдийн 50-иас дээш хувь нь хуралдаа оролцсонгүй. 

Үдээс хойш УИХ-ын чуулганыг хуралдуулахаар зүтгэж, өглөөний ирцээрээ явна гэсэн болов ч гишүүн Д.Оюунхорол горимын санал гаргав. Тэрбээр “Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг хойшлуулж, намынхаа дотоод асуудлыг хэлэлцэж, ярилцах хэрэгтэй байна. Тиймээс чуулганыг өндөрлүүлэх горимын санал гаргаж байна” хэмээсэн юм.

Түүний гаргасан саналыг чуулганы өглөөний ирцэд орсон 43 гишүүний 27 нь дэмжсэнээр өнөөдрийн чуулган өндөрлөлөө.