ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Мах, сүүний аян”-аа үргэлжлүүлье, Ерөнхий сайд аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-06

“Хятадууд 21 аймагт махны үйлдвэр барьж байна. Монгол малын махаа хятадуудад өгөхгүй байхын төлөө тэмцэе” гэсэн нэгэн иргэний пост соошл орчинд хэдэн мянган шэйр, лайк цуглуулав. Сэтгэгдэл хэсэгт нь хүмүүс “Тийм шүү. Хайран монгол мах минь эх нутагтаа байх ёстой. Монгол хүн монгол малынхаа махыг идэх ёстой. Хятадуудыг тэжээж яах гэсэн юм. Өлсөж үхнэ л биз” гэх мэтээр хөвөрчээ. Нийт бичсэн постын 80-90 хувь нь яг ийм утгатай. Уншаад ичлээ, бас инээд ч хүрэх шиг. Газар нутагтаа багтах зайгүй, бэлчээр нь хүрэлцэхгүйд хүрсэн /энэ оны сүүлээр 84.4 саяд хүрнэ гэсэн тооцоо бий/ малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, тэндээс үр ашгаа хэрхэн хүртэх вэ гэдэг нь эдгээр эх орончдод тийм чухал сэдэв биш бололтой юм. Хамгийн хоржоонтой нь эдгээр эх орончдын санаагаар бол Монгол Улс газрын доорх баялгаа хэнд ч худалдахгүй дарж хэвтэх хэрэгтэй аж. Гайхам сайхныг нь биширч, газар доороо баялагтай гэж бахархаж бичих нь чухал. 84 сая толгой малаа тал дүүрэн бэлчээсэн атлаа хэнд ч зарах ёсгүй гэнэ ээ. Улсынх нь эдийн засаг юугаар өсөн өндийж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд юу худалдаж, худалдан авах нь тэдэнд сонин биш гэсэн үг. Ийм сэтгэхүй ганц эх орончдод ч бус УИХ-ын гишүүдэд ч байдаг нь худлаа биш.

Тэд хөдөлсөн том ордыг гацаах гэж улстөржинө. Мах, сүүгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд гаргах талаар ярихаар дэмжих хүн олдохгүй. Ганц нэг улстөрч яриад эхлэхээр дэмжих гэхээс илүү нухчин дарах гэж оролддог нь гайхмаар. Энэ парламентад тууштай ганц дуугарч байгаа улстөрч нь УИХ-ын гишүүн М.Билэгт. “21 аймагт томоохон үйлдвэр бариад өгчихье. Тэнд мах, сүүгээ боловсруулаад, дэлхийн зах зээлд гаргая. Ингэхийн тулд УИХ-ын гишүүд нь дэмжээд, төсвөөсөө нэг, нэг тэрбумыг үйлдвэржилтийн бодлогодоо зарцуулчих” гэж Ерөнхийлөгч нь хүртэл гуйж байхад шоудлаа, хоосон пиар хийлээ гэх мэтээр гацааж орхих нь гачлантай. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт “21:100 үйлдвэржилт” буюу 21 аймагт экспортыг дэмжих, импортыг орлох 100 үйлдвэр барих амлалт бий. Энэ амлалт хэрэгжиж гэмээнэ Монгол Улс түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож, цаашлаад дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа эрүүл, эко мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг хангачих боломж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн онд Монгол Улс 10 сая толгой малыг дотоодынхоо хэрэгцээнд хэрэглэсэн бол дөрвөн сая толгой малыг экспортод гаргажээ. Манай улс нийтдээ 30 сая толгой хоньтой бөгөөд хонины махаа тогтмол экспортод гаргах боломжтой. Хагас боловсруулж, эсвэл гүн хөлдөөж экспортод гаргахын тулд малчид малаа тогтмол бордож, тэжээж, эрүүлжүүлэх ёстой. Мах авах сонирхлоо илэрхийлсэн улс орнууд ийм л шаардлага тавьдаг. Ингэхийн тулд дан ганц бэлчээрийн мал аж ахуйд найдах бус эрчимжсэн мал аж ахуйг ч дэмжих ёстой юм. Гаслантай нь энэ асуудал Засгийн газрын түвшинд очсон ч одоогоор даргын томилгоонд анхаарсан төр, мах, сүүнд ач холбогдол өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Өмнө хэлсэнчлэн, МАН-ын мөрийн хөтөлбөрт 50 мянган тонн мах экспортод гаргана гэсэн амлалт байх юм. Хонин толгойнд шилжүүлвэл 2.7 сая толгой мал. Гэтэл өнгөрсөн онд гэхэд л манайх дөрвөн сая толгой мал гадагшаа гаргачихаж. 10 гаруй үйлдвэр дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргаж байна. “Тэсо” зэрэг томоохон үйлдвэрүүд мөн л сүү, сүүн бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. Үүнээс гадна 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргажээ.

Махны экспорт 4-5 дахин нэмэгдсэн гэдгийг ч албаны хүмүүс хэлж байх юм. Үүнээс гадна 30 сая толгой хонийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ОХУ, Ойрхи Дорнод, Вьетнам, БНХАУ, Иран, Катар зэрэг улс орнууд руу гаргаж болно. ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле өнгөрөгч онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улс 45 улсад мах экспортлох боломж байна. Мах экспортлохын тулд хамгийн түрүүнд малыг эрүүлжүүлэх ёстой. Манай улсын бодлого малыг амьдаар нь гаргах биш дахин боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн байдлаар гаргахыг эрмэлзэж байна. Малаа эрүүлжүүлэхийн тулд хил гааль дээр орчин үеийн шаардлага хангасан ариутгалын төхөөрөмжийг тавих ёстой” хэмээжээ. Бидэнд бүтээгдэхүүн нь бэлэн байгаа ч шалгуур хангахгүй. Хажууханд байгаа асар том зах зээл буюу БНХАУ-д махаа экспортлох гэхээр мөн л эрүүл эсэхэд эргэлзэж эхэлдэг.

Тэд зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах, адууны мах авч буй. Гэтэл бид хонины махаа экспортод гаргачих сонирхолтой. Тиймээс төрийн бодлого энэ чиглэлд илүү анхаарч, өмнөд хөршийн хүсээд буй тусгаарласан хорио цээрийн бүсийг нь яаралтай эхлүүлж, гэмээнэ уул уурхайгаас “горьдож” суугаа мөнгө нь өсөн төлждөг баялгаас орж ирэх боломж харагдаад байна. Гурван жилийн өмнө ярьж байсан шиг тэрбум ам.долларыг махнаас олох нь ч юу юм. Гэхдээ л жилдээ таван сая толгой мал, мах махан бүтээгдэхүүн экспортод гаргачихаж гэмээнэ 2-2.5 их наяд төгрөг зөвхөн энэ салбараас орж ирэх боломж харагдаад байгаа юм. Ингэхийн тулд 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгаж, өнгөрөгч оноос хэрэгжүүлсэн “Мах сүүний анхдугаар аян”-аа цааш нь үргэлжлүүлье. Дотоодын хэрэгцээг хангахад л анхаардаг бус дэлхийн зах зээлд эрчимтэй гаргах талаар аян зохион байгуулмаар байх юм, Ерөнхий сайд аа.