ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: Намайг огцруулах гэж байгаа бол хуулийн дагуу саналаа гарга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

УИХ-ын дарга М.Энхболдыг хурал удирдвал нэр бүхий гишүүд хуралд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, ирэх даваа гараг гэхэд огцрох өргөдлөө өгөхийг шаардсан. Харин М.Энхболд дарга тэдний шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ үйлдлээрээ илэрхийлж, хурал удирдахаар чуулганы танхимд сууж, чуулганд ирсэн болон ирээгүй гишүүдийн нэрийг дуудаж, үүрэг даалгавар хүртэл өглөө. Мөн ирц бүрдээгүй учраас өнөөдрийн чуулган завсарлаж байгааг дуулгаж, хаасан юм.

Тэрбээр “Гишүүд ээ, өнөөдрийн үдээс өмнөх болон үдээс хойшхи хуралдаан ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаравчлан хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын захирамж гарч, хуулийг хэлэлцэж эхэлсэн. Харамсалтай нь УУХҮ-ийн сайд чуулганы танхимд орж ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй байна. Ирц бүрдээгүй учраас санал хурааж чадахгүй байсаар хэлэлцэгдэж чадсангүй.

УИХ-ыг ард түмэн сонгодог. Ард түмэн сонгохдоо УИХ-ыг энэ улс орныг жолоодох бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж илгээсэн.  Биднийг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, энэ улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд ямар шийдвэр гаргах ёстой байна. Тэр шийдвэрээ гаргаж бай гэж итгэл үзүүлж, ард түмэн биднийг сонгосон. 

Засгийн газрыг УИХ томилсон.  Бид Засгийн газрыг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, Их хуралд ажлаа танилцуулж, тайлагнаж ажиллах ёстой гэж томилсон. Засгийн газар, түүний тэргүүн Үндсэн хуулийн дагуу УИХ-д ажлаа тайлагнаж ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүн, сайд нар бойкотлож байна. Бид шатахууны үнэ, валютын ханшны өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна.  Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орж байгаа.

Засгийн газрын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.  Их хурлын гишүүдийн олонхи Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх цаг болсон. Засгийн газар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг үе биш.  Цаг агаарын байдал хүндэрч, өвөлжилтийн байдал амаргүй боллоо.  Улс орны хэмжээнд уламжлалт мал тооллогын ажил өрнөж байна. Энэ ажлыг Засгийн газар зохион байгуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-даа танилцуулж ажиллах ёстой. 

УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулахыг шаардаж байна.  Засгийн газар хуулийн дагуу УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнах ёсто байгууллага. Төр тогтвортой байх ёстой, би тийм байр суурьтай байгаа.  Үүний төлөө ч би ажиллана.  Төр тогтвортой байж гэмээнэ олон түмэн тайван амгалан байх үндэс суурь бүрдэнэ.  Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна.  Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой.  Олон түмнийг тэмцэл уриалах, тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж ард иргэдийг цочирдуулах уриа лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл.

Сүүлийн үед 60 тэрбумын хэрэг гэх яриагаар ЖДҮХС-гийн хэргийг дарах оролдлого хийж байна. Үүнийг зогсоох ёстой.  60 тэрбумын гэх хэргээр ТББХ ирэх долоо хоногт хэлэлцүүлгээ хий.  ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотойгоор Ёс зүйн дэд хороогоо хуралдуул. Дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол ирэхгүй байгаа гишүүдээ чөлөөлж, өөр хүн томилж, хурлаа хийх хэрэгтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. 

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу саналаа бичээд, албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явуулах ёстой. Бид хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой юм.  Засгийн газар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйгээс болж УИХ хоёр өдөр хуралдаж чадсангүй. Би олон нийтээс уучлал хүсч байна” хэмээн хэллээ.