ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гоо засалчдын шилдгүүд тодорлоо

O.Admin
2018-12-06

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 24 дүгээр их наадам" энэ долоо хоногийн мягмар гарагт  Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 16 аймаг, 9 дүүргээс төлөөлөл 200 гаруй үсчин, гоо засалч, хумс урлаачид 29 төрлөөр оролцож байгаа нь урьд өмнөх жилээс өргөн хүрээтэй, ширүүн өрсөлдөөнтэй болсон. 

Наадмын үйл ажиллагааны нээлтэд, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангаяа нар оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм. 

Мэргэжлийн ур чадвар, хийсвэр болон бодит сэтгэлгээ шаардсан, орчин үеийн донж маягийг илэрхийлсэн, гоо сайхан мэдрэмж төрүүлсэн "Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам"-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо засалч, чадварлаг хумс урлаачид багтсан. Наадам үзэгчдэд нээлттэй явагддаг учраас шүүлт ч маш шударга явагддаг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Оролцогчдын зассан үс, хумс, нүүр будалтаас орчин үеийн шинэлэг өнгө төрх, залуусын сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварын ахисан байдлыг харж болохоор байв.

Ингээд 29 төрлөөр шилдэг үсчин, гоо засалч, хумс урлаачдыг шалгаруулснаас Эмэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг "S салон"-ы н.Сундуйжав, Эрэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг Ө.Цацралтуяа нар шалгарлаа. Харин  гоо сайхны төрөлд Гранпри шагналыг "Evergood салон"-ы И.Буджав, шилдэг аймгийн үсчний холбоогоор Сэлэнгэ аймаг, шилдэг сургалтын байгууллагаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж тус тус шалгарч, алтан цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнууллаа.