ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Ерөхий сайд та, хууль бус явдлаа өнөөдрөөс зогсоож, чуулганы хуралдаанд оролц

O.Admin
2018-12-06

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр “УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдыг томилох тухай санал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх таны санал зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэтэл Ерөнхий сайд та ХХААХҮ-ийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв, санхүүтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа хуралдааныг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарснаас болж, хэлэлцэх боломжгүй болсон. Та болон таны асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын  13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас болж, валютын ханш болон шатахууны үнийн өсөлт, утааны асуудал зэрэг ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар хийгддэг Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний  асуулгын хариуг УИХ-аар сонсох ажил дөрвөн удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Ерөнхий сайд та өнөөдрийн үдээс хойшхи чуулганы хуралдаанд оролцож, Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль  бус үйлдэл юм. Мөн Монгол улс түүхэндээ анх удаа ХХААХҮ-ийн сайдгүйгээр мал тооллогыг эхлүүлж, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед салбар нь эзгүйрч, тариаланчдад улаан буудайн нөөц бүрдүүлэх ажил тодорхойгүй болсон явдал, ЖДҮ-ийн алдаа завхарлыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ХЗБХ-ны хуралдааныг санаатайгаар гурван удаа тасалдуулсан. Байнгын хороо хуралдаагүй учраас Ерөнхийлөгчийн хоригыг УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын  17-ны хуралдаанаар хэлэлцэж чадаагүй. Арваннэгдүгээр сарын 22-ны  өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан боловч Ерөнхий сайд та болон таны шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн гарзын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь зохион байгуулалттайгаар орж ирэхгүй УИХ-ын  үйл ажиллагааг тасалдуулсан. ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёсзүйн хариуцлага тооцох асуудлыг арваннэгдүгээр сарын 29-ны өдөр хэлэлцэхээр зарласан боловч Ёс зүйн дэд хороонд харьяалагддаг Засгийн газрын гишүүн гишүүн Х.Бадельхан, Д.Сарангэрэл болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцолгүй санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэж чадахгүй байна. Танай Засгийн газар УИХ-ын чуулганы хуралдааны ирж бүрдүүлэхгүй байгаагаас үүдэн ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй байна. Хуульд заагаагүй үндэслэлээр Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүн хуралдааныг орхиж гарах үндэслэл байхгүй. Засгийн газар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах ёсгүй. Иймд Ерөнхий сайд таныг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулж байгаа явдлаа арванхоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоож байнгын ророо болон, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн гарах хариуцлагыг танай Засгийн газар болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа гишүүд, сайд нар хүлээх болно гэдгийг анхааруулж байна” хэмээн мэдэгдлээ.

Х.Болор