“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Хуульч, хууль зүйн ухааны доктор Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн юм.
МАН төрийн эрхийг 2016 онд хууль бусаар авсан нь нотлогдож байгаа учраас энэ намыг татан буулгах ёстой гэж үзэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан нь олон баримтаар нотлогдож байгаа учраас би хууль хүний хувьд олон нийтэд хандаж байна.
"60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Энэ бол эвлүүлэг биш, үнэн шүү гэж мэдэгдсэн. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би шулуухан хэлье, наадах чинь эвлүүлэг биш” гэж хүлээн зөвшөөрлөө.
МАН цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахуун, хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс улс төрийн намуудын тухай хуулийн дагуу МАН-ыг татан буулгах өргөдлийг Улсын Дээд шүүхэд гаргаж байна” гэв. Улсын дээд шүүхэд иргэн гомдол гаргаснаар Улсын дээд шүүх ажлын таван өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх аж.