Хотын дарга Су.Батболдыг огцруулах хүсэлтээ МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрөгч сард намынхаа Удирдах зөвлөлд гаргасан билээ. Түүний хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж, улмаар НИТХ-ын дарга С.Амарсайханд Су.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдэх чиглэл хүргүүлсэн байдаг.
Энэ асуудлыг хэлэлцэх учиртай НИТХ-ын хуралдаан хэд хэдэн удаа хойшилсны дараа хотын дарга Су.Батболд нийслэлийн төсвийг хэлэлцэж баталсны дараа, энэ сарын 10-нд буюу өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдэж, улмаар намын дарга У.Хүрэлсүх хүсэлтээ эрүүлэн татсан юм.
Тэгвэл өнөөдөр тэр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч н.Батбаясгалан түр орлон гүйцэтгэх бөгөөд дараагийн хотын дарга үүрэгт ажлаа хүлээн авах хүртэл ажил үүргийг гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн.
Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ.