УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа тэргүүтэй гишүүд хэвлэлийнхэнд хандаж, ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.
Ё.Баатарбилэг “Намрын чуулганы хуралдааны үлдсэн хугацаанд тасалдуулалгүйгээр, өөрсдийн оролцоогоор манлайлж, чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцохыг шаардаж байна. Чуулганы хуралдаанд оролцох гэсэн залуу гишүүдийг Ц.Нямдорж сайд зад загнаад болиулсан гэж сонсоод би гайхсан. Шадар сайд Ө.Энхтүвшин бас залуу гишүүдийг хуралд нь оролцуулахгүй байгаа гэж сонссон. Энэ хүмүүс өөрсдөө МАНАН-гийнх юм байна.
“Шударга бусын хонгил гэж үнэхээр байгаа бол сайд, дарга хийж 28 жил ажилласан энэ хүмүүс хаана явсан юм бэ. Би тэднээс ингэж асуумаар байна. Манай ахмад гишүүн бидэнд үлгэр дууриалал болж ажиллах ёстой. Өнөөдөр Ц.Нямдорж гишүүн чуулганы танхимд орж ирж би картаа хийх эсэх нь миний эрх гэж загначихаад гараад явсан. Гэтэл тэр хүнд эрх гэж байгаа бол ард түмний хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс бид дөрвөн туршлагатай гишүүнд шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр чуулгандаа орж ирээд суух болов уу гэж байсан ч орж ирсэнгүй. Албан тушаал хуваарилах болохоор л хөл нь хөнгөрөөд явдаг. Нэг сандал, суудал онгойлгож байгаад л тийшээ санаархаж байгаа.
Хэрвээ тэд шаардлага биелүүлэхгүй бол тойргийнх нь сонгогчидтой нийлж байгаад УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг тавина”
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Манай намаас хоёр талаас дөрөв дөрвөн гишүүн гараад ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ хоёр удаа уулзаад, дахин уулзаагүй. Үр дүнд хүрээгүй. Бид эвлэлдэн нэгдэхээс гадна УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг шаардаж, өчигдөр шаардлага хүргүүлсэн юм”