ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Утааны тухай дарга нар...

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-19

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: 

Улаанбаатарыг 2015 он гэхэд утаанаас салгачихна. Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү”

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: 

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон сууцжуулах асуудал. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол арга болох хийжүүлэх ажлын хүрээнд нүүрснээс гаргах байгалийн хийн үйлдвэр байгуулна. Энэ байгалийн хийн үйлдвэрээ Тавантолгойг үндэслэж байгуулна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан... Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнасан. 

УИХ-ын дарга М.Энхболд: 

Утааны асуудал анхаарал татсан номер нэг асуудал болж байна. Үүн дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, МАН, АН, МАХН гэсэн ялгаа байхгүй. Ер нь УИХ хууль тогтоох байгууллагын хувьд өмнө нь энэ асуудлаар ярилцаж байсан, Засгийн газарт үүрэг чиглэл өгч байсан зүйлүүдийн явц ямар байна вэ гэдгийг үзэх нь зүйтэй. Сүүлийн 3-4 хоногийн дотор иргэдээс асар их мессэж, дуудлага ирж байна. Зарим иргэдийн мессэжинд хариу өгч байгаа. Бүгдэд нь хариу өгч амжихгүй байгаа. Иргэд ингэж бухимдах нь аргагүй. Амьсгалын замын болон бусад төрлийн өвчлөл утаанаас үйдэлтэйгээр нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт ч ачаалал үүсч байна. Энэ бүх асуудлуудыг бид анхаарах нь зүйтэй. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: 

Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй. Айл өрхийг хамгийн сайн халааж чадах, хамгийн аюулгүй, эрчим хүчний хамгийн сайн хэмнэлттэй шийдлийг л дэмжинэ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

Утаа бол бидний дайсан юм. Тийм учраас утааны эсрэг тулаанд орохыг ард түмэндээ хандан уриалж байна. Үр хүүхдүүддээ маск авч өгье. Тамхи татдаг аав нар тамхиа боль, 100 гр татдаг бол тэрийгээ боль түүний оронд үр хүүхдүүддээ маск авч өгье. Утаа шүүгч гэртээ авч тавья. Боломж нөхцөл тааруу ард иргэддээ боломжтой хэсэг нь гараа сунгаж туслах хэрэгтэй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА: 

Утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух гэх мэтээр мөн хэрэглүүлсэн. Энийг бүгд мэдэж байгаа. Миний бие Ерөнхийлөгч болсныхоо дараахан буюу аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь хэн ч очоогүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол: 

Би Ерөнхийлөгчөөс ганц зүйлийг асуух гэж байна. Монгол Улсын агаарын бохирдлын түвшин олон улсын болон Монгол Улсад үйлчилж байгаа хууль тог­тоомжийн хүрээнд гамш­гийн хэмжээнд хүрсэн гэд­гийг тодорхойлох үндэс­лэл нь юу юм бэ. Хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ Өнөөдөр Улаанбаатар хот бүхэлдээ гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлох боломж байна уу, үгүй юу. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ: 

100 мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорви­той бууруулна гэж тооцоолж байгаа. Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе.