ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэтгүүлчид МАН-ыг эсэргүүцэж, мэдээлэл түгээхээс татгалзлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-19

МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар хэвлэлийн хурал өнөөдөр 12.00 цагт зарлагдсан билээ. Гэхдээ хэвлэлийн бага хурлын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлахаас татгалзсан юм. Учир нь өчигдрийн МАН-ын Бага хурал хаалттай болж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй. Түүгээр ч барахгүй МАН-ын хэвлэлийн алба нь мэдээллийг сэтгүүлчдэд өгөхдөө хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж байсан билээ. Өөрөөр хэлбэл, намын даргын үг болоод намын даргын дэмжигчдийн үгийг хэвлэл мэдээллүүдэд тарааж байсан юм. Сэтгүүлчдийн хэлсэн үгийг хүргэе.

Энэ талаар Medee.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам: МАН-ын Бага хурал болохоос нэг өдрийн өмнө нээлттэй болно гээд сэтгүүлчдээс мандатны зураг авсан. Гэтэл өчигдөр өглөө гэнэт хаалттай болох боллоо гээд биднийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй. 

Хэвлэлийнхэн өчигдөр -20 гаруй хэмийн хүйтэнд өдөржин гадаа зогсож Бага хурлыг сурвалжилсан. УИХ-ын үйл ажиллагаа  зогсоод дөрвөн долоо хонож байна. Улстөрчид хоорондоо хэрүүл хийх болохоороо сэтгүүлч нарыг дууддаг. Тэгээд сэтгүүлч нар худалдагдсан гэж доромжилдог. Тиймээс энэ байдлыг эсэргүүцэж өнөөдрийн акцыг зохион байгууллаа.

HD Монгол телевизийн сэтгүүлч Ч.Дэлгэрцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд МАН-ын өнөөдрийн хэвлэлийн хурлыг авахгүй байх шийдвэр гаргасан.

Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг:  “Өчигдөр МАН-ын бага хурлын сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагууд бүхлээрээ ажилласан. -20 гаруй хэмийн хүйтэнд Тусгаар тогтнолын орны хаалгыг бүтэн өдөр дотроос нь түгжиж байлгаж чадлаа. 20.00 цагт цөөхөн хэдэн хэвлэлийнхнийг нэг өрөөнд хашиж байгаад гаргасан. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажлыг иймэрхүү байдлаар хийлгэж байгаад үнэхээр харамсаж байна. Өчигдөр танайн амын удирдлагуудад энэ байдлаа илэрхийлсэн. Өчигдөр биднийг хэрэггүй гэж хөөчихөөд өнөөдөр хүрээд ирээ гэж байгаа чинь үнэхээр тааалагдахгүй байна.