ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Оюунцэцэг: Уйгагүй хөдөлмөрлөх нь бусдад ч үлгэртэй

Ц.ЭНХТҮВШИН
2019-01-02

Тун удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой болох билээ. Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа МЗЭ-ийн шагналт яруу найрагч, нэрт орчуулагч Ж.Оюунцэцэгийг урьж ярилцлаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Өнгөрч буй онд бүтээл туурвил их, амжилт бүтээл арвин биз дээ?

-Байна байна. Зүгээр суухгүй хөдөлмөрлөсөөр туурвисаар л байна.

-Гарч буй онд хийх ажлын төлөвлөгөө аль эрт гараа биз дээ?

-Нэг их сүртэй төлөвлөгөө энэ тэр гэхгүй ч хийх ажил, дуусгаж гүйцээх ажил нэлээд бий.

-Гадаа ч утаа айхтар байна шүү. Байгаль дэлхийгээ бид хайрлахгүй болохоор биднийг шийтгэж байгаа ч юм шиг...

-Тийм ч байж болно. Харин хүний сэтгэл гэдэг утаагүй байх чухал даа. Урьд нь Улаанбаатар ч утаагүй, хүний сэтгэл  ч утаагүй байсан санагдаад байна. 

-Тэр чинь хэдэн оныг яриад байна ?

-Би чинь 1951 онд төрсөн хүн.  Тэгэхээр тэр бага балчиртаа утаатай утаагүйг мэдэхгүй байсан. Хүний сэтгэл утаагүй байх ёстой л гэж санаж явсан байх даа. Энэ бол  1958 – 1988 он. 1988 оноос л монголчууд бид өвөр хоорондоо утаатай сэтгэлийн тухай ярьж эхэлсэн байх гэж бодож байна.

-Бие биенээ хардах, чи их мөнгө идсэн, би бага мөнгө идсэн. Чи биднийг хуурсан гээд л дээшээ харж хашгирч, доошоо харж нулимж эхэлсэн шүү дээ?

-Ард түмний чин үнэн сэтгэл дээр тоглосон ардчилсан хувьсгал эхнээсээ тэр чигтээ зөв явсан бол болох л байсан байх. Харин юу болж хувирсныг бид бүхэн мэднэ. Цөөхөн хүн амтай манай Монгол Улсад ардчилал буруугаар эргэж, ахмад үеэ нулимж, хурдхан л бүгдээрээ дэгжин хөгжинө гээд хүн толгойтой болгон  сургууль байгуулж, малчид малаа зараад л хүүхэд болгоноо эрдэмтэн болгоно гээд л үйлдвэр , аж ахуйгаа устгаад л юу болов. Тэр олон эрдэмтэд өмсөх гуталгүй болоод л, Хятад улс руу вагон вагоноор цувж гараа биз дээ. За, одоо энэ улс төрийн бухимдлаа орхиё. Би сэтгэлийн утаа манан гэдэг хүнийг яаж хорлодгийг ярих гээд дэндүү хальтираад байна.

-Таныг сургууль төгсөөд Төв шууданд захиа ялгагч хийдэг байсныг муухан санаад байх чинь?

-Тийм ээ. Би нийслэлийн арван жилийн хоёрдугаар сургуулийг 1968 онд төгссөн. Тэгээд Төв шуудан холбоонд захиа ялгагчаар ажилласан. Ажиллаж байгаад МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангид 1973 онд орсон юм. Төв шуудан холбоонд захиа ялгагчаар ажиллаж байхдаа шуудангаар дамждаг бүхий л сонин сэтгүүлийг  “залгих” мэт уншдаг байлаа. Тэр үед  одоогийнх шиг олон сонин сэтгүүл гардаггүй байлаа. Хамгийн гоё, хүлээж яддаг сонин маань мэдээжээр “Утга зохиол Урлаг” сонин, “Цог” сэтгүүл байлаа. “Төв шуудан холбооны захиа ялгах тасгийнхан энэ оныхоо төлөвлөгөөг  төчнөөн хувиар давуулан биелүүлж, ахмад ажилчин Чогсомжав “тэргүүний шууданч” боллоо гэсэн маягийн олон  жижиг мэдээг “Хөдөлмөр” сонинд захиагаар явуулдаг байлаа. Бага багаар жаал жуул юм бичиж, дээшилж дэвжсэн үе маань(инээв) 1971 он юм болов уу даа. “Утга зохиол Урлаг” сонины  “Таны шинэ танил” буланд, бас “Залуучуудын үнэн” сонинд  “Наран гийлээ”, “Газар халуун” зэрэг дөрөв болоод найм, арван  мөртүүд  минь гарч байлаа. Тэр үед би МУИС –ийн Монгол хэлний ангид орж суралцах л ганц хүсэлтэй. Манай Холбооны яаманд МУИС-ийн Монгол хэлний ангийн хуваарь ирэхгүй, Холбооны анги л ирнэ. Тэгээд нэг найзынхаа зөвлөснөөр Зохиолчдын хороо гэдэг энэ сайхан байгууллагыг зорин ирсэн нь 1973 оны хавар. Агуу  Сономын  Удвал хатагтайг анх удаа харж, түүний гарын үсэгтэй бичиг авч билээ. Тэрхүү бичигт “Энэ хүүхдийг МУИС–ийн Монгол хэлний ангид элсэх ажилчин залуучуудын уралдаант шалгалтад оруулж өгнө үү. Өсөх ирээдүйтэй, хичээнгүй сайн ...” гэх зэрэг бичсэн юм байлгүй дээ. Тэр бичгээ аваад Их сургуульд элсэх конкурс гэдэг юманд орж ажилчин залуучуудын дундаас дээгүүр оноо авч элссэн юм даа.

-Ёстой л аз ивээнэ гэдэг шиг сайхан сургуульд орж суралцан сайхан мэргэжил эзэмшжээ.

-Ээ, тэгэлгүй яахав. Бурханы хишгээр, дөнгөж төгссөн зулуу багш, одоо бол Монгол Улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг Сэндэнжавын Дуламын шавь болсон. С.Дулам багш маань манай анги удирдсан багш. Манай ангид ажиллаж байгаад орсон дөрөв таван хүн л байсан. Бусад нь дандаа арав төгссөн жаахан охид хөвгүүд. Монгол Улсын Ардын багш Д.Чойжилсүрэнгээр худам монгол бичиг, эрдэмтэн Гаадан багшаар төвд хэл заалгаж явлаа. Одоо бол нөгөө “ичмээр дамшиг”. Энэ далимд хэлэхэд “Хүн сурсан эрдмээ давтахгүй, өдөр бүр дээшлүүлэхгүй бол тэгээд мартдаг юм шүү. Салан баавгайн  үлгэр болно. Хүүхэд залуус минь үүнийг сайн санаж яваарай” хэмээн хэлье.

-Ингэхэд таныг орчуулагч гэдгээр нь хүмүүс түлхүү мэдэх байх. Энэ олон хэлийг хаана сураа вэ?

-Таван хэлний гэгдэх, Монголын том эрдэмтэн Чой.Лувсанжав багш танхимын эрхлэгч байлаа. Тэр үед Хүмүүнлэгийн их сургууль гэж байгаагүй болохоор тэр юм уу, бүү мэд. Монгол хэлний хоёрдугаар анги төгссөн хүүхдүүдээс шилж байгаад гурван хүүхдийг хятад хэлний сонгон суралцах ангид, зургаан хүүхдийг япон хэлний сонгон суралцах ангид, дөрвөн хүүхдийг худам монгол хэлний сонгон суралцах ангид  авч сургасан юм. Би Япон хэлний сонгоны ангид ороод гуравдугаар курсээс япон хэл сурч эхэллээ.   Японы нэрт монголч эрдэмтэн Х.Хасуми, М.Онүки багшийн шавь нь болж явлаа. Манай япон хэлний сонгоны анги төгссөн Т.Мөнхцэцэг эрдэмтэн, Р.Баттогтох олон ном, толь бичиг зохиосон эрдэмтэй хүн болсон доо. Сайхан нөхдөөрөө бахархаж явдаг. 

-Та Их сургуулиа төгсөөд яагаад япон хэлний мэргэжлээр ажиллаагүй юм бэ?

-Би уран зохиолд хачин  их хайртай хүн.  Тэгээд л эхлээд юу ч гэсэн сонины газар орж юм бичиж суръя гэж бодсон юм. Тэр үед “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байсан, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог намайг “Манай сонинд ажиллана уу” гэж урьсан юм. Өнөөдөр нь их сургуулиа төгслөө  маргааш нь “ Залуучуудын үнэн” сонины залуу сурвалжлагч боллоо. Энэ бол 1978 он шүү. Тэр үед  манай сонинд нэртэй, нэртэй зохиолч сэтгүүлчид ажиллаж байсан. “Амарсанаа” болон олон түүхэн роман бичсэн Д.Цэмбэл, мөн Б.Буянцог, Б.Навчаа (нэрт яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн гэргий), Дуламханд зэргийн олон сайхан ах эгч нартай ажиллаж байлаа. 

-Тэгээд та чинь нэг их удаан ажиллаагүй Москва явчихсан биз дээ?

-Тийм. Их сургуулийн дөрөвдүгээр курсэд байхдаа, ангийнхаа орос оюутан А.Мелёхинтой гэр бүл болсон байсан юм. Бид хоёр 1977 онд Монголын хуримын ордонд гэрлэлтээ батлуулчихсан байлаа. Тэгээд л би чинь “Нэг хоёр жил сонинд ажиллаж жаал жуул юм бичиж сураад, анхныхаа номыг гаргачихаад чиний хойноос очино оо. Чи очоод ажлаа аваад,  хийгээд сууж бай” гээд нөхрөө Орос руу нь явуулчихсан байсан юм шүү дээ. Гэтэл Саша маань “Хурдан ир гэж үргэлж бичнэ. Чи ирэхгүй бол би очиж авна” гээд 1979 он дөнгөж гарангуут эргэж ирээд охинтойгоо бид гурав зун нь Москва явсан түүхтэй.  Монголд буцаж ирээд хэдэн сар болохдоо Саша “Новости Монголии” сонинд ажиллаж байсан. Бид гурав 1979 оны зун долдугаар сард Москвад очоод, би аравдугаар сарын 4-нд хоёр ихэр охин гаргаж манай гэр бүл тавуулаа болсон доо. Гэр бүлээрээ нэгэн гэртээ гурван хүүхэдтэйгээ нуугдан, хөөцөлдөн тоглодог  байсан үе минь хамгийн жаргалтай цаг үе минь байсан даа.  

-Таны анхны номыг гаргах зөвшөөрлийг алдарт Явуу найрагч өгч байсан гэдэг?

-Анхны шүлгийн номыг минь тэр үеийн Яруу найргийн секцийн эрхлэгч байсан Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багш маань уншиж үзээд “Номоо гарга. Засгийн газрын саарал ордоны зүүн хаалган дээр очоод Д.Нямаа найрагчийг дуудуулж уулзаад номоо редакторлуул. Нямаа чинь чи бид хоёртоо л Засгийн газар шүү” гэж тоглож хэлээд, чиний энэ богино шүлгүүдийг Нямаа өлгийдөж авах нь зохистой гэж билээ. Тэр ёсоор бүгдийг хийж анхны номоо гаргачихсан, Москвад очоод хоёр ихэр охин гаргачихсан, том охиноо нэгдүгээр ангид оруулчихсан ажилсаг бүсгүй чинь юу гэж зүгээр суух билээ. Хоёр ихэр охиноо дөнгөж нэг нас хүрмэгц л хадам ээждээ харуулаад Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэлний багшаар ажилласан. Мөн ч тэнэг зоригтой байж дээ. Ямар ч багшийн дадлага туршлага байхгүй, зөвхөн монгол төрөлх хэлтэй байсан мөртлөө “би чадна” гээд л ажилд орж байлаа. Тэр сургуульд хоёр жил багшлаад 1983 онд Москвагийн гадаад хэл дээр сурталчилгааны ном хэвлэн гаргадаг байсан “Прогресс” хэвлэлийн газрын хажууд Оросын болон тэр үеийн 15 Бүгд найрамдах улсуудын уран зохиол, ардын аман зохиолыг гадаад хэл рүү орчуулан гаргах “Радуга” хэвлэлийн газар нээгдэхэд би Дорно дахин хэлний хэлтэст нь монгол хэл рүү орчуулдаг орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ хэвлэлийн газар 1989 он хүртэл ажиллахдаа Оросын ардын аман зохиол, нэрт зохиолчдын олон сайхан бүтээлүүд, тэр дундаа хүүхдийн зохиолчдын бүтээлүүдийг монгол хэл рүү орчуулж сурсан юм. Тэр үед  АПН болон “Прогресс” хэвлэлийн газар, “Октябрийн туяа” сэтгүүлд ажиллаж байсан манай монголын нэрт орчуулагчдаас маш их юмыг мэдэж сурч авсан даа. Манай нэрт орчуулагч Д. Чойжил  ахайтан тэргүүтэй олон сайхан орчуулагчид  Оросын нийслэлд ажиллаж байсныг тэр үеийн сэхээтнүүд мэдэх билээ. Лениний ботиудыг орчуулаад л гаргачихдаг байсан чадалтай орчуулагчид байсан шүү дээ. Ийм л азтай хүн дээ, би. Алаг дэлхийд хүн болгож төрүүлсэн аав ээж, ачлан тэтгэн өсгөсөн азай буурлуудын минь буян  биз гэж боддог юм.

-Та ахиад л азтай байлаа гэж хэллээ. Аз хийморьтой явахад юу хэрэгтэй вэ?

-Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэдээж хүсэл тэмүүлэл.

-Дараа нь...?

-Дараа нь Аугаа их Зөвлөлт төр бутарч, юун гадаад хэл дээр ном хэвлэн эх орноо,  утга, уран зохиолоо сурталчлах хэцүү цаг ирсэн. Орос монгол хоёрт дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй болсон он жилүүдэд  том охин маань аравдугаар ангиа төгсөөд бид гэр бүлээрээ Монголдоо буцаж ирсэн. Том охиноо эх сайхан монгол хэлэнд нь гарамгай болгох зорилгоор Их сургуулийн монгол хэлний ангид оруулах гэж. Нөхөр маань АПН (Агенство Печати Новости)-иасаа томилолт авч Монголдоо ажиллахаар гэр бүлээрээ ирээд охиноо төрөлх их сургуульдаа оруулсан. Хоёр ихэр охиноо бас монгол хэл гадарладаг болгохоор 23 дугаар сургуульд суралцуулсан. Ингэж Улаанбаатараас гадаадын хамаг мэргэжилтнүүд зугтах шахам гарч байхад эргэж ирсэн түүхтэй. Саяхан мэт санагдах боловч одоо түүх болж дээ. Тэр үеийн байдлыг бид бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бүгдээрээ л Чингисээр чимсэн, монгол дээл хөөргөж бүсэлсэн,  ардчилсан хувьсгал , алдарт олон намыг амтай болгон ярьсан айхтар он жилүүд байсан. Ирмэгцээ дөнгөж байгуулагдсан “Улаанбаатар” сонинд ажилласан. Энэ сайхан шинэ сониныг анхлан байгуулсан хүн нь манай  уран зохиолын “Гал” нэгдлийн түүхийг гар хөл, амь амьсгаагаараа бичиж яваа Ү.Хүрэлбаатар гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 

-Та чинь уран бүтээлийн “Гал” нэгдлийн тулгыг түшилцсэн ганц бүсгүй байх аа?

-Уран зохиолын “Гал” нэгдлийг  бидний хэдэн нөхөд (МУИС болон УБДС-ийн уран зохиолын бүлгэм нэгдлийн оюутнууд)  гол бүрэлдэхүүн нь УБДС –ийн тэр үеийн уран зохиолын нэгдлийн оюутан Г.Мэнд –Ооёо, Я.Баатар. Ү. Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ш.Гүрбазар, дээр нь Анагаахын дээдийн оюутан Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Хуулийн дунд сургуулийн оюутан Б.Сундуй нар байгуулсан юм шүү дээ.  Оюутан байхдаа үргэлж л холбоотой шүлэг зохиолоо уншиж явсан ганц эмэгтэй намайгаа яг байгуулах хуралд сууж чадаагүй ч  эгнээндээ  оруулж авснаа тэр дороо л мэдэгдэж билээ. Өө тийм,  манай Их сургуулийн Ц.Ойдов анхны хуралд гар өргөн сууж байсан шүү. Мөн Эрээнцавын их найрагч Д.Нямсүрэн, цогтой эх оронч яруу найрагч О.Дашбалбар нарыг бас л холоос ирж чадаагүй ч эгнээндээ багтаасан “Гал” нэгдэл дээ.  Ийнхүү  уран зохиолд оюутан ахуйгаасаа дөрөө нийлэн харшуулж явсан бидний хэдэн нөхөд “ГАЛ” нэгдлийн гишүүн болцгоогоод эдүүгээ бүгд л нөгөөх л Уран зохиолынхоо төлөө амиа өгөхөд бэлэн явцгааж байна . Манай Г.Мэнд-Ооёо Эзэн Чингисийн одон хүртэж бусад олон нөхөд маань бүгд л олон сайхан бүтээл туурвисан гавъяатууд болжээ. “Гал” нэгдлийн гишүүдийн бүтээл туурвилыг тоочно гэвэл хэдэн хуудас болох учир ийнхүү товчлоё. 

-Та чинь сүүлийн хэдэн жил Америкт суугаад байгаа дуулдсан.

-Эмэгтэй хүн гэдэг чинь хэцүү шүү дээ. Нөгөө  монгол хэлний сайн мэдлэгтэй болгох гээд байсан том охин чинь  миний өсгөж өгсөн хөөрхөн зээг минь аваад холын Америкийг зориод алга болж өгөв өө . Тэгэхээр нь би хойноос нь санаа зовоод араас нь очлоо. Тэнд бас  зүгээр байхгүй элдэв курс хичээлд суугаад, англи хэлийг гадарладаг болоод  ирлээ. Одоо тэгээд орос хэлээс гадна англи хэлийг өдөр болгон оролдоод л сууж байна. 

-Орчлонгийн сайхан хүүхнүүд дууны найрагчтай уулзчихаад яруу найргийн тухай дурсахгүй өнгөрч боломгүй . Сүүлийн үед танаас хайрын шүлэг ундаад байх шиг?

-Сүүлийн үед нөгөөх л залуугийнх шигээ хайрын шүлэг бичээд байгаа шүү. Хүний нас нэмэгдэж гоо сайхан хөгширнө үү гэхээс сэтгэл мөнх залуу байдаг гэдэгт итгэдэг хүн. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дууны шүлэг 1975 онд бичигдсэн. Харин 1995 онд дуу болж тэр дороо л олонд түгсэн. Аялгуу сайхантай дуу. 

-Удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой болох нь. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Гарч буй шинэ онд хүн бүр хөдөлмөрлөж өөрсдөө аз хийморийг, баяр баясгаланг дуудацгаая.