Өчигдөр Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдах байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана гэх шалтгаанаар дахин хойшилсон юм. Ингээд удаан хугацааны турш хоёр тусдаа хуралдаж, нэг өрөөнд эвлэж суухаа болиод байсан МАН-ын бүлгийг хуралдах болов уу хэмээн хүлээсэн ч мөн л хуралдаж чадалгүй нэг өдрийг барлаа. Төрийн ордонд УИХ-ын гишүүд ажил хаялт зарлаж, ажил нь тодорхойгүй байдалд ороод байгаа нөхцөл байдлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Тэдний хэлсэн үгийг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төлөвлөсөн ажлуудаас томоохон зорилтуудаа биелүүлж чадсангүй. УИХ хуралдаж чадахгүй байгаа нь хурлын ажлыг гацааж байна. Бүлгийн дарга өнөөдрийн /өчигдөр/ чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Оны өмнө хоёр талаас ойлголцох асуудлыг шийдэх ямар гарц шийдэл гаргах вэ гэдэг талаар тодорхой хүмүүс уулзсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Мөн бүлгийн хурлыг үдээс хойш хуралдуулж энэ талаар ярилцъя гэсэн шийдэл гарч байх шиг байна. Үүнийг дэмжиж байгаа. Ард түмний итгэл, найдварыг хөсөрдүүлж, Засгийн газар, нам ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа бол заавал УИХ-ын гишүүд гэж байх шаардлагагүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яг үнэндээ чуулган гацаасан гишүүдийн өмнөөс ичиж үхэх гээд байна. Арга бараад УИХ-ын даргыг өргөдлөө өгчих гэж хэлсэн. Хууль бусаар УИХ-ын чуулганыг бойкотолно гэдэг нь ард түмнээ барьцаалж, ард түмнээ доромжилж, цаашлаад төрийн үйл ажиллагааг санаатай гацааж байгаа олигархиудын бүлэглэлийн дайн байна гэж харж байна. Энэ асуудлаа цэгцлэхгүй бол хуралдаа суухгүй байгаа гишүүд дээр очиж фэйсбүүкээр лайв хийнэ. Юуны төлөө тэмцэж байгааг нь асууна. Хатуухан хэлэхэд, шоронд орохгүй гэж хоног аргацааж байгаа хэлбэр шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Бүх юм хэрээс хэтэрлээ. УИХ-ын чуулган хуралдах ёстой. Бидний 27 гишүүн чуулганы хуралдаа сууж байна. УИХ хуралдахгүй байна гэдэг өөрөө асуудал. Яг үнэндээ Засгийн газрын гишүүд хуралдаа суухад л болно. Засгийн газрын гишүүд хууль бус бойкот зарлаад ингээд явж байх нь арай дэндэж байна. Зарчим ярьвал төрийн дээр нам гарчихаад цовхчиж байна. Би намын гишүүний хувьд “Хуралдаа ор” гэж шаардаж байна. Битгий суу гэдэг талд би зогсохгүй. Төрийн дээр нам сандайлж суучихаад хууль бус бойкот зарлаж, чуулганыг гацаах нь дэндүү увайгүй, ёс зүйгүй асуудал.
УИХ-ын гишүүн: Ч.Хүрэлбаатар: Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс төрийн байгууллагын шийдвэр гарсан, үүнийг дагах ёстой. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.