ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Оюунжаргал: Инженер сайтай улс орон хөгждөг

Д.Нэргүй
2019-01-07

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын салбарын Инженерийн Зурагзүйн Профессорын багийн ахлагч, ахлах багш, зөвлөх инженер, доктор Чойжамцын Оюунжаргалтай ярилцлаа.  Тэртээх 1994 онд  ШУТИС-ийн Барилгын материал үйлдвэрийн тоног төхөөрөмжийн  механик инженер мэргэжлээр төгссөн тэр цагаас эдүгээ  тус сургуультайгаа хувь заяагаа холбож явна. Тэрбээр  Монгол бяслаг хүний бие, эрүүл мэндэд  ямар ач холбогдолтой болох түүнийг хэрхэн боловсруулах талаар  докторын зэрэг хамгаалж үүнийгээ ажил амьдралдаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн байдаг. 1998 оноос эхлэн Инженерийн боловсролын суурь онол болох Дүрслэх геометр, Зурагзүйн хичээл  өөрөөр хэлбэл инженер болох гэж байгаа оюутан залуусын мэргэжлийн боловсролын анхдагч долоон томъёог ойлгуулахыг зорьж яваа санаачлагатай хичээнгүй багш билээ. Ажиллах хугацаандаа Монголын залуучуудын холбооны зүтгэлтэн, Худалдаа аж үйлдвэрийн хүндэт жуух бичиг, Боловсролын салбарын тэргүүний ажилтан, Барилгын салбарын тэргүүний ажилтан, төрийн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.  Эдүгээ “Монголын эрдэмтэн, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2014 оноос хойш ажиллаж буй

-Та инженер хүн. Инженерийн ур ухааныг агуу гэдэг. Тэгэхээр хоёулаа яриагаа таны хайртай мэргэжлээс тань эхэлье? 

-Миний бие ШУТИС-ийн бүтээгдэхүүн. Юуны өмнө инженер гэдэг нэр томъёоны ухагдахуун нь юу юм, энэ нь хувь хүнд яаж очих ёстой юм, инженер хүний үүрэг роль юу байх ёстой, инженер хүн улс оронд ямар хэрэгтэй вэ гэдэг асуудлыг зайлшгүй хөндөж ярих  ёстой. Өнөөдрийн парлемантад инженерийн эзлэх хувь маш бага байгаа. Тийм учраас улс орон хүнд байдалд орчихоод байна гэж үзээд байгаа юм. Угтаа инженер хүн байхгүй юмыг бий болгож, далд байгаа юмыг ил болгон зурж, сэтгэж, бодож, тооцоолж, бүтээж чаддаг үүндээ ч хариуцлага хүлээж чаддаг мэдлэг боловсролтой хүмүүс байдаг. Тэгэхээр төрд эмч, багш, инженер, цэрэг цагдаа хүчнийхэн зайлшгүй хэрэгтэй.  Тэд улс орныг авч явдаг. Инженер сайтай улс орон хөгждөг. Тухайлбал Герман улс “Мерседес бенз, ВМВ ” гэх мэт бүтээлүүдээрээ алдартай байсан, дараа нь Япон улс “Тоёото”-гоороо алдартай боллоо. Гэтэл өнөөдөр Хятад улс хурдны галт тэрэг, жолоочгүй онгоц, усан доорх авто зам гээд бусад инженерийн бүтээлээрээ дэлхийд тэргүүлчихлээ. Гэтэл Монголд инженерийн ямар ч сайхан бүтээл үнэлэгдэхгүй байна шүү дээ. Тийм учраас  инженер хүн төрд гарах юм бол энэ байдлыг олж харна. Нөгөө талаас монголынхоо инженерүүдийн бүтээл­ийг ашиглахгүй, Хятадаас л оруулж ирээд байдаг. Тэгэхээр бид инженер­үүд болон эрдэмтдийн оюуны бүтээлийг бүтээл болгож түүнийг баялаг болгон ард түмэнд түгээх асуудал маш хомс  байна. Эрдэмтэд бүтээж байна, гайхамшигтай нээлтүүдийг гаргаж байна. Гэвч түүнийг нь хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Энэ бол том эмгэнэл. Тухайлбал барилгын маш гоё шийдлүүд­ийг барилгын салбарын инженерүүд л гаргаж  байна. Гэтэл манайхан барилгын хувийн компаниуд мэргэжлийн бус хүмүүсийг инженерээр ажиллуулаад чанаргүй барилга гаргадаг. Тийм учраас энэ асуудлыг цэгцэлсэн цагт л улс орон хөгжинө дөө. Ер нь хүний оюуны бүтээл, баял­гийг үйлдвэрлэл болгох, хэрэглээнд хүргэх асуудал хамгийн чухал байгаа юм.

-Улс орны нүүр царай болсон мэргэжлийн нэг бол инженер. Энэ хэрээр ШУТИС  үеийн үед олон мянган оюутнуудын  уур­хай байсаар ирсэн?

-Тэгэлгүй яахав. Инженер хүний хувьд, багш хүний хувьд  сургуульдаа элсэн орж байгаа оюутнуудаар бахархдаг. Яагаад гэвэл тэд  байхгүй юмыг чинь бий болгоод онолыг нь суръя, тооцооны аргачлалыг нь мэдэж, бага ч болов туршаад бүтээл гаргая гэсэн зорилго  тэмүүлэлтэйгээр  ирж байгаа. Эндээс тэдгээр хүүхдүүдийн идэвхийг яаж өрнүүлэх вэ, яаж инженер болгож хүмүүжүүлэх вэ гэдэг том асуудал гарч ирдэг.  Иймийн тулд юуны түрүүнд  долоон томъёог мэдүүлэх хэрэг­тэй. Манайх инженерийн суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээл гэж ордог. Инженерийн суурь хичээлээрээ тухайн оюутанд суурь инженерийн хүмүүжил, онол олгодог. Дараа нь мэргэжлийн суурь хичээлээр дамжуулан чиг баримжааг нь олгоод мэргэжлээр нь онол, туршилт, судалгааг нь хийлгээд, баталгаажуулаад, яг инженер болжээ гэж  төгсгөж гаргадаг.  Эдгээр логикуудын хяналтын системүүд нь өөр байдаг. Манайд ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг зохион бүтээгч багш нар маш олон. Тэд энэ бүхнээ хэрхэн яаж нийгэмд хүргэх вэ гэдэг арга аргачлал болон судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Гэтэл энэ дундаас амьдрал дээр  уламжлалт арга л шалгарсан байдаг. Цахим арга бол орчин үедээ тохирсон боловч хийсвэр арга. Ингэж хийсвэрээр сэтгээд, хэт бодит байдлаасаа холдчихоор эргээд бодит нөхцөлдөө бууж чаддаггүй. Энэ бол маш буруу төдийгүй нэг ёсны мөхөл юм. Тиймээс энэ аргыг сайтар хэрэгжүүлээд, компьютерт найдахаасаа илүү гараараа л хийх нь чухал байгаа юм. Хөгжилтэй орнууд уламжлалт арга технологио хэзээ ч хаядаггүй. Уламжлалт анагаах ухаан, уламжлалт боловсрол шинжлэх ухаан, уламжлалт гэр ахуйн хүмүүжил энэ бүгд нэгэн цогц зүйл. Тухайлбал хүүхэд гэрийнхээ гадаа ногоо тарилаа гэхэд усаа зөөх тэргээ өөрөө сэтгэж хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүжил дутагдаад байна гэсэн үг. 

-Сайн багшийн гараас сайн шавь нар төрдөг учиртай?

-ШУТИС суурь судалгааны сургууль болох том зорилттой ажиллаж байгаа.  Монгол Улсдаа төдийгүй Азид эхний топ 10 -т орох 30 мянга гаруй оюутан суралцагчидтай. Манайхаас төгсөж гарсан инженерүүд монгол орны аль хэрэгцээтэй салбарт ажиллахын зэрэгцээ дэлхийд танигдсан, нэрээ цуурайтуулсан томоохон компани, АНУ, ОХУ болон гадны олон оронд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдлэг чадвартай инженерүүдийг бэлтгэдэг гэсэн үг. Энэ нь бидний бэлт­гэсэн  инженерүүд дэлхийд гологдох­гүй байна гэд­гийн том  үнэлгээ баталгаа юм. Ингэж сайн боловсон хүчин болгож бэлтгэхэд манай 1000 гаруй багш, эрдэмтдийн хөдөлмөр зүтгэл хэмжээлшгүй их юм. Манай сургуулийг бүх төрлийн инженерүүд, инженер гэсэн тодотголтой бүхэн төгсөж байна. 

-Тэдний зарим  амжилтаас дурдахгүй юу? 

-Зарим инженер багш, залуу эрдэмтэд гадаад орнуудын болон дотоодын “Гранпри” шагнал хүртэж, бас  академич, эрдэмтэд төрж байна. Ер нь манай сургуульд академчид, Sc.D, Ph.D доктор­ууд, докторант, магистр багш, эрдэмтдийн баг­ууд ажиллаж, жилээс жилд эгнээгээ өргөтгөж байгаа. Саяхан манай сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Х. Энхжаргал проректор маань Шинжлэх ухааны академич цол хүртлээ. Ингээд бодох­оор ШУТИС бол шинжлэх ухааны бүхий л салбаруудын хувьд маш амжилттай ажиллаж, бүтээж буй эрдэмтэн инженерийн томоохон аппарат.

-Та багшийн ажлынхаа хажуугаар “Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ тухайд? 

-2014 онд Монгол Улсын эрдэмтэн эмэгтэйчүүд­ийн гуравдугаар чуулган­ыг  Б.Буянчимэг, Г.Туул, Д.Адъяа нарын эрдэмтдийн хамт санаачлан, амжилттай зохион байгуулсан. Манайд 3000 гаруй эмэгтэй эрдэмтэд байдгаас 1500 нь гадаадад хамгаалсан бай­даг. Гэвч тэд бүртгүүлдэггүй нь дутагдалтай. Харин Дэлхийн шинжлэх ухааны академид Монголоос 10-аад эрдэмтэн байдаг. Үүний нэг нь эмэгтэй эрдэмтэн байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй эрдэмтэд олноор төрж байгаа. Тэгэхээр инженер хүн, эрдэмтэй хүн гэдэг тухайн улс орны нүүр царай учраас  улс орныг удирдаад аваад явах хэмжээний чадалтай инженерүүд төрж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.