ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Их хурлыг өөрөө тарах санал боловсруулж, гарын үсэг цуглуулж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-09

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ өөрсдөө санаачилгаараа тарах талаар албан бичиг боловсруулж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргасан. АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль дахин явуулах талаар тогтоолын төсөл санаачилж, гишүүдийнхээ дэмжлэгийг авч Их хуралд өргөн мэдүүлэхээр болсон. АН-ын бүлэг өчигдөр дахин хуралдаж, хоёр тогтоолын төсөл бэлдсэн. АН-ын бүлгийн долоон гишүүн гарын үсгээ зурлаа. УИХ өөрөө тарах ёстой бол нийт гишүүдийн 3/2-ын саналыг авч өөрөө тардаг. УИХ, Засгийн газрын хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрч, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж байна.

Тиймээс хууль боловсруулах чадамжгүй болсон. Мөн гишүүд нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаа. Мөн олон судалгааны байгууллагын судалгаагаар УИХ-ын рейтинг унасан. Их хурал өөрөө тарах ёстой гэж иргэд үзсэн учраас төрийг төлөөлж эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй гэж харлаа. Чуулганы ажил гацаад хоёр сар боллоо. Маш олон хууль тогтоомж зөрчигдөж байна. Засгийн газрын гурван сайдын суудал эзгүй байна.

Энэ бүхнийг үндэслээд нийт гишүүдийн 3/2-ын саналыг авч, Их хурал өөрөө тарах ёстой гэсэн тогтоол боловсруулахаар боллоо. Мөн Их хурлын ээлжит бус сонгууль дахин зарлах тухай тогтоолыг хамтран өргөн барьж байна. Энэ хавар ээлжит сонгууль зохион байгуулвал 16 тэрбум төгрөг гарна. Энэ мөнгийг Засгийн газар төсвийн тодотгол өргөн бариад шийдээд явах боломжтой” гэв. АН-ын бүлгээс Их хурлын чуулганы танхимын үүдэнд самбар байршуулсан бөгөөд гишүүд гарын үсгээ зурах нээлттэй гэв. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.