ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАНАН бүлэглэлийг эсэргүүцсэн монголчууд хоёр дахь удаагаа жагсав

O.Admin
2019-01-10

Сурвалжилсан: Д.Оюун-Эрдэнэ
 Б.Өнөртогтох 

12.00 цаг: УИХ-ын  дарга М.Энхболдыг  огцрохыг  шаардсан тайван  жагсаал хоёр  дахь  удаагаа өчигдөр Төв талбайд боллоо. “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалд Монгол Улсын  өнцөг  булан  бүрээс ирсэн иргэд нэгдсэнээс  гадна, гадаадад  амьдарч байгаа олон зуун хүн дэмжиж буйгаа илэрхийлж, амьдарч буй улс орондоо лоозон барин жагсчээ.  Мөн “МАНАН” дэглэмийг эсэргүүцсэн хөдөө орон нутгийн иргэд аймгийнхаа төв талбайд нэгдлээ. Жагсаалд  оролцсон иргэдийн тоог нарийвчлан  гаргаагүй хэдий  ч Төв талбайдаа цугларах  хүмүүсийн  хөл өдрийн  16.00 цаг  хүртэл  татарсангүй. Жагсаалыг  зохион  байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нараас гадна улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, Ардын уран зохиолч Т.Галсан, МУГЖ дуучин У.Далантай, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, дуучин Т.Дэлгэрмөрөн, Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар ирсэн  байлаа. Тэд  бүгд “МАНАН” бүлэглэлийг эсэргүүцэж индэр дээр үгээ хэлэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд:  Хугацаагүй суулт хийнэ. Улс төрийн ямар л хурц хэлбэр  байна, түүнийг ашиг­лаж М.Энхболдыг унагана. МАНАН-г татан  буулгана. Ард  түмэн талбайд гарлаа. М.Энхболдод ганцхан л  гарц үлдсэн. Тэр бол  өөрөө огцроод энд ирж огцорч байгаагаа мэдэгдэж, ард  иргэдээ баярлуулах ёстой. Манай нам буюу цөөнхийн бүлэг М.Энхболдын  хэрэгсэл  болж байгаад харамсаж байна. 

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болд: Өнөөдөр  олигархийн  бүлгийг толгойлсон, ард түмний хаан, “Эрдэнэт”-ийн 49  хувийг  авдаг,  ард  түмний хөрөнгийг  арга залиар булааж авдаг өөдгүй улстөрчдийн  цаг үе  өнгөрсөн. Өнөөдөр хэдий өнгө мөнгөний хорвоо ч гэсэн хэзээд үнэн ялдагт  итгэдэг. Үнэн ялна шүү. Баян айлын эхнэр хүүхдүүдийн барьдаг ээлжийн  цүнхэнд  нь энд  ирсэн та бүхний халаасан дахь мөнгөнд хүрэхгүй.  Та нар үүнийг мэдэх ёстой. Өнөөдөр  тэгш хуваарилалт,  тэгш  боломж хэнд  нь  ч алга. Би  энд  намын  захилгаар  ирээгүй. Миний ард хэн  ч байхгүй,   ард түмэн л байгаа. Итгэцгээгээрэй. 

Ардын  уран зохиолч Т.Галсан: “Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн  гаргасан  алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хар даа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал  зайлуулдаг. Өнөөдөр ард  түмэн  чамайг урагшлах  хөгжлийн  бул боллоо  гэж  үзэж  байгаа тул миний хүү  даруйхан огцор. Түүх гэдэг  шүүх чи биднийг шүүх цаг ирлээ. Сайн хүний үр чи бод доо. Би чамайг  зөв  замдаа  орж,  сүнс чинь ариусч цагаан замтай байгаасай гэж хүсэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан: Жагсаал  дууссаны дараа өлсгөлөн  суул­таар  үргэл­жилнэ, МАНАН-гийн толгойлогчийг буутал  жагсаал өлсгөлөнгөө үргэлж­лүүлнэ. МАНАН бүлэглэлийн булааж авсан орд  газрыг буцааж автал  үргэлжлүүнэ. Шударга бусын  хонгилыг нуртал  үргэлжилнэ. Буцах  зам бидэнд  байхгүй. 

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: Шударга ёсны төлөө бүгдээрээ мэндэлцгээе. Монголын  ард  түмэн  хангалт­тай ядарлаа,  хангалт­тай  доромжлууллаа,  баялгаа хангалттай булаал­галаа. Монголчууд таван цаасны төлөө харийнхны боол болж, амь зууж байна. Одоо бид  эзэн нь болох цаг болсон. 

УИХ-ын гишүүн Т.Аюур­­сайхан: МАНАН бүлэглэлийнхэн  ард  түм­нийг доромжилж тохуурх­сан. Арван­хоёрдугаар сарын 27-ны жагсаалд  ядарсан  ард түмнээ мөнгөөр  цугласан гэж гүтгэлээ. Тэд эх  оронч  сэтгэл  монгол  хүнд байдаг гэдгийг ойлгодоггүй, өөрсдөө эх оронч сэтгэлгүй  учраас  ард  түмнээ  доромжилсон.  Энэ хүмүүсийг зайлуулах  цаг нь  болсон. Өвлийн  хувцастай ирсэн болохоор хоёр 3000 хүн нь хорь гучин мянга болж харагдсан гэж МАНАН бүлэглэлийн гар хөл бологсод дооглон тохуурхсан. 

3000 гаруй хөгжлийн  бэрхшээлтэй иргэн тайван  жагслаа

Жагсаалд оюутан залуус, өндөр настай иргэд байсны дотор  хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ч иржээ. Монголын хөгжл­ийн  бэрхшээлтэй иргэдийн холбооны Төлөөлөн  удирдах  зөвлөлийн  дарга Ц.Бат­дорж ярихдаа, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид  М.Энхболдыг  огцруулах онцгой  шалтгаан  бий. 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг группын  мөнгөнөөс хассан. Тэдгээрийн  нэг нь би өөрөө зогсож байна. Би өрөөсөн гаргүй, 90  хувиар  хөдөлмөрийн чадвараа алд­сан. Гэтэл  яагаад мөнгө хассан  бэ гээд халамжийн газарт хандахаар мөнгө, санхүүжилт байхгүй гэдэг тайлбар хэлдэг. Гутамшигтай нь хөгжлийн  бэрхшээлтэй иргэдээсээ мөнгөө харам­лачихаад эрх барьж байгаа  хүмүүс нь  өөрсдөө идэж байна. Энэ  бол  шударга бус явдал”  гэлээ. Энэ шударга бус байдлыг  эсэргүүцсэн 3000  гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 21 аймаг,  есөн дүүрэгт жагсаж  байгаа аж. Жагсаалыг зохион байгуулж буй нэр  бүхий гишүүдээс  гадна 250 хүн өлсгөлөн зарлаж байгааг  хэлсэн. Эдгээр хүмүүсийг эхлээд эмчийн  үзлэгт оруулж,  эрүүл  мэнд,  аюулгүй байдлыг  хангана гэдгийг зохион  байгуулагчид  хэлж байсан юм. Жагсаалд  оролцож буй иргэдийн амь нас, аюулгүй байдлыг  хангаж Нийслэлийн  Цагдаагийн газраас 2000 орчим цагдаагийн албан  хаагчид хамгаалалтад  гарлаа. Харин Сүхбаатар  дүүргийн цагдаагийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа талаар  Нийслэлийн  цагдаагийн газрын  урьдчилан  сэргийлэх хэлтсийн  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд  хурандаа Б.Алтанзул ярилаа. 

Тэнгэрийн мананг биш газар дээрх МАНАН-г хөөнө

Төв  талбай дээрх жагсаал  хэдий тайван  байсан ч  жагссан иргэдийн  бухимдал  дээд  цэгтээ хүрчээ. Хүүхэд хөгшидгүй М.Энхболдыг суудлаа өгөхийг  шаардаж, дуу хоолойгоо нэгтгэн орилж байлаа. Тэд сайн дураараа өлсгөлөн зарлана гэдгээ ч хэлж байсан юм. Ингээд жагсаалд оролцсон иргэдийн байр суурийг сонсов.

Баянгол дүүргийн иргэн Д.Ганбат:  Өнөөдөр  агаар дээр ямар  ч утаа  алга, тэнгэрт бүртийх ч үүл алга. Энэ талбай дээр манан  алга. Яагаад гэвэл олон  мянган  хүн итгэл  сэтгэлээ нэгтгэн  МАНАН гэх мангасыг  дарахаар  Эзэн Чингисийн талбайд цуглаад  байна. Өнөөдөр  бол МАНАН-г  ялах бүх  ард түмний баярын  өдөр. Хамгийн гол нь иргэд өөрсдөө тууштай нэгдээрэй гэж хэлмээр  байна. 

Багануур дүүргийн ир­гэн Д.Батбаяр:  Би Багануур дүүргээс өнөөдрийн  жагсаалд  ирлээ. Энэ М.Энхболд ард  түмний­хээ шаардлаг­ыг хүлээ­ж авдаггүй яасан ширэн нүүрлэсэн хүн бэ. Бид  ийм хүнээр төр удирдуулж, байгаадаа үнэхээр харамсаж байна. Эх нутагтаа үр хүүхэдтэйгээ сайхан  амьдар­маар байна. Ард  иргэд биднийхээ нурууг тэнийлгэж өгөөч. Ингээд зогсохгүй бол  Монголын  ард түмэн цус урсгах нь байна шүү, Энхболд дарга аа. 

Ж.Батзандан: 300 хүн өлсгөлөн зарлана 

...УИХ-ын  нэр бүхий гишүүд болон 100 гаруй ТББ,  иргэд оролцсон МАНАН-гийн  эсрэг жагсаал Төв талбайд үргэлжилж байх зуур Төрийн ордонд ч үйл явдал бужигнав. Жагсаал эхэлсний дараахан УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөлөл болон УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзахаар болсноо мэдэгдсэн юм. Улмаар гишүүдийн төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар, жагсагчдын төлөөлөл болсон дөрвөн хүнтэй хамт Төрийн ордонд нэвтрэв. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “УИХ-ын таван гишүүн, иргэдийн төлөөлөл болсон дөрвөн хүн уулзахаар ирээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд жагсаал хийх үеэр М.Энхболд дарга жагсагчдын төлөөлөлтэй уулзаагүй. 300 хүн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүмүүс гэрээ барьж суулт хийнэ гээд ирчихлээ. Ард түмэн МАНАН дэглэм, Манжийн дарангуйлал, тэр ч байтугай коммунист дэглэмд бууж өгөөгүй юм. Одоо ч бууж өгөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Л.Болд: М.Энхболд дарга долдугаар сарын 1-нийг хүсэж байгаа юм байна 

15.00 цаг: УИХ-ын даргатай уулзахаар орсон гишүүдийн төлөөлөл гарч ирсэн юм. улмаар сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийв. УИХ-ын гишүүн Л.Болд “Бид жагсагчдад энэ мэдээллийг өгнө. Үндсэндээ 40-50 гэр барьж хугацаагүй суулт зарлана. Ард түмнийг ямар зүйлд турхирч байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Н.Номтойбаяр нарын гишүүд энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байгаа сураг дуулдлаа. Хоёр дахь долдугаар сарын 1-нийг энэ хүн хүссэн бололтой. Бидний хараа хяналтаас гарлаа гэж хэлж болно. Энэ бүхний дараа М.Энхболд гэж хүн буруутан болно шүү. 

Үймээн самуун өдөөн хатгалга болох вий гэсэн айдас байна” гэсэн юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Эмх замбараагүй байдал үүсэх вий гэсэн айдас байна. Ард түмний бухимдал юу болж задрахыг би хэлж мэдэхгүй. Энэ хүнд хайрлах энэрэх, өрөвдөх сэтгэл байдаггүй бололтой. Гадаа хэдэн хүн жагсаж тэмцэж байгааг ч мэдэхгүй сууж байна. Бид ард түмэнтэй хамтраад өлсгөлөн зарлана гэдгээ хэллээ. Намайг ямар ажил хийснийг наад хүмүүстэй уншиж танилцуул гэж 30 хуудас цаас өглөө. Бидний дунд ширүүхэн маргаан өрнөлөө. Энэ хүн шиг төрийн зүтгэлтэн дахиж олон битгий төрөөсэй. Одоо бид ҮАБЗ-ийн нөгөө хоёр хүнтэй уулзана. Жагсаалын хамгаалалт зэргийг эргэж ярих ёстой болж байна. Үймээн самуун гарахгүй гэж итгэж байна” хэмээгээд Ерөнхий сайдтай уулзахаар өрөө рүү нь оров. 

Ц.Цолмон: Жагсагчдын төлөөлөл УИХ дарга руу дайрсан 

15.30 цаг: УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал болж байна. Гишүүд ч оролцож байна. Түрүүн УИХ-ын гишүүдийн төлөөлөл болон жагсагчид УИХ-ын даргатай ирж уулзсан. УИХ-ын Тамгын газар бол төрийн байгууллага. Улстөржихгүй. Би УИХ-ын даргын өрөөнд байсан. 14.30 цагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу залгасан. УИХ-ын даргатай уулзмаар байна гэсэн. Жагсагчдын төлөөлөлтэй хамт орно гэсэн учраас таван удаа холбогдоод уулзуулахаар болсон. Жагсагчдын төлөөлөл, ТББ-ын төлөөлөл нийтдээ есөн хүн орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Гарч ирээд ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй юм. Тодорхой үндэслэл, шаардлагыг өмнө нь тавьсан. Тэгээд хариуг нь өгөөд, ярилцлага хийх хүсэлт гаргасан. Гэвч гурван хуудас материалыг нь хүлээж аваагүй. Өмнө тавьсан үндэслэл шаардлагынх нь хариуг өгсөн. Хариу ерөөсөө сонсоогүй. Гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үйл ажиллагааг төрийн хамгаалалтын хүмүүс таслан зогсоосон. Төрийн үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл боллоо” хэмээлээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг рүү дайрсан учраас ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна гэсэн хариулт өглөө. 

М.Энхболд: Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна 

16.30 цаг: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар болсон билээ. Тэгвэл хуралд оролцохоор явж байсан М.Энхболд дар­га сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. М.Энхболд дарга “Сүхбаатарын талбайд жагсаж байгаа улстөрчдийн болон иргэдийн төлөөлөл надтай уулзах санал тавьсан. Би уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон. Өмнөх арванхоёрдугаар сарын 27-нд надад ирсэн 4-5 зүйл шаардлагын хариуг өгөхөөр болсон. Хуудас гарантай шаардлагын хариуг өгөх гэсэн ч хариу авахгүй ээ гэдэг зүйл ярилаа. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ч гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа. УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Орж ирсэн хүмүүс бухимдалтай байна лээ. Би тэрнийг ойлгож байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ бүхнийг Их хурал хуралдаж шийдмээр байна. УИХ-ын ажлын хэвийн явуулаасай гэж хүсэж байна. Тэгээд энэ мэт асуудлаа шийдэх ёстой” хэмээгээд явж одлоо. 

18.00 цаг: Жагсагчид Төв талбайд 50 гэр барьж байлаа. Тэд УИХ-ын дарга суудлаасаа буух хүртэл улс төрийн суулт зарлахаар болжээ. Жагсагчид улс төрийн суултаа өлсгөлөн болгон үргэлжлүүлэх бөгөөд нийт 300 орчим хүн улс төрийн өлсгөлөнд нэгдэх аж. Өлсгөлөн зарлах иргэдийг эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна.