ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: ЖДҮ-г ярина гэхээр ирц бүрдэхгүй юм, ямар учиртай юм бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр үргэлжлэн хуралдах байсан билээ. Тодруулбал, өчигдөр шөнийн 02.16 цагт эхэлсэн чуулган 04.00 цаг өнгөртөл хуралдаж нэг асуудал хэлэлцсэн. Харин Ардчилсан намын бүлгээс УИХ-ын чуулганаас найман цагийн завсарлага хүсэж, өглөө 10.00 цагт хуралдахаар болсон юм.

Тэгвэл чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй 11.35 минут хүргэсэн учраас хуралдааныг хойшлууллаа. Чуулганы ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 15.00 цаг хүргэсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд сууж хуралдаа ирээгүй гишүүдийг нэрсийн дарааллаар дуудав. Тэрбээр, “Ойлголцох уулзалт хийж байна гээд орж ирэхгүй юм. Ойлголцож байгаа юм болов уу гээд хүлээхээр УИХ-ын дарга алга болчихлоо гээд хайгаад унах юм. Огцруулах чөлөөлөх асуудал ярихаар бүгдээрээ 100 хувь ирчихнэ. ЖДҮ-гийн асуудлыг ярина гэхээр ирц нь бүрдэхгүй юм.

Юу гэж ойлгох юм. Ард түмэн харж байгаа шүү дээ. Бүлгийн дарга ирцээ бүрдүүл. Эсвэл хуралдахгүй гэдгээ хэл. Нэг цаг 35 минут хүлээж байна. Есөн удаагийн чуулган яг энэ зарчмаар явлаа. 15.00 цаг хүртэл хойшлууллаа. Тэгэхэд ирцээ бүрдүүл” хэмээгээд хурал завсарласныг мэдэгдэж, алхаа цохиод гарч одлоо.