ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Танилц: Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг зайлшгүй огцруулах үндэслэл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын дэргэдэх Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын газраас өргөн мэдүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр шөнөөр хэлэлцэж, дэмжих шаардлагагүй гэж үзсэн юм.

Үндэслэлээ тайлбарлахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шалгалтын ажиллагаа дуусаагүй, гэм буруутай гэдгийг эцэслэн тогтоогоогүй учраас” хэмээн тайлбарласан. Тэгвэл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан нээлттэй явах үеэр УЕП М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг уншиж танилцуулав. Энэхүү дүгнэлтээс тоймлон хүргэе.

УИХ-ын Д.Дамба-Очир

Зээл авсан компани: “Сафир стоун”

Зээл авсан үнийн дүн: 1.2 тэрбум

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр: Өнгөрөгч оны тавдугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийг Сафир стоун компанид авч өгөхдөө УИХ-ын гишүүний өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэж барьцаа гаргажээ.

Яллагдагчаар татах үндэслэл:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Г.Солтан

Зээл авсан компани: “Монгол шаазан”

Зээл авсан үнийн дүн: 950 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр: УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байна.

Яллагдагчаар татах үндэслэл:  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Зээл авсан компанийн нэр: “Хас говь транс” ХХК

Зээл авсан үнийн дүн: 950 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр:  УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлсэн. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Улмаар, ЖДҮХС-аас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Яллагдагчаар татах үндэслэл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

Зээл авсан компанийн нэр: “Доктор МИЭК”

Зээлийн хэмжээ: 800 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр:  УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Яллагдагчаар татсан үндэслэл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.