ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: Та нарын хөл сайвар жороо болж, нуруу чинь хугарсан байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УЕП-ын газраас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн билээ. Энэхүү асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: ЖДҮХС-гаас олгосон зээл журмын дагуу зөв хүндээ очоогүй гэдэг мессеж нийгэмд тарлаа. Олон нийтийг бухимдууллаа. Энэ удаа гараад ирчихсэн юм биш л дээ. 10 гаруй жил болсон. Гурван сарын өмнөөс босож ирлээ. Цаашдаа энэ төсөл жинхэнэ эзэндээ очоосой гэж бодож байна. Сүүлийн 3, 4, 5 сар хуульд заагаагүйгээр УИХ-ын даргыг унагах гэж оролдлоо. Хууль бус аргаар УИХ-ын даргыг огцруулах гээд байсан учраас аргаа бараад Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирлээ. Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгадаг юм уу. Хуулийнхныг УИХ-ын дарга М.Энхболд атгадаг гэх юм. Хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн М.Энхболд хуулийнханд чиглэл өгч дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирлээ гэж байна. Яагаад өмнө нь оруулж ирээгүй юм. Яагаад цаг хугацаа давхцав.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж томилдог. Би М.Энхболд гэж хүнээс үүрэг даалгавар амьдралдаа авч үзээгүй. М.Энхболд гэж хүн үүрэг даалгавар өгөөд явдаг гэж бодохгүй байна. Та бүгд цаг хугацаа давхацлаа гэж асуугаад байна. Урьд нь оруулж ирэх гэхээр ирц бүрдэхгүй, та бүхэн хуралдахгүй байсан. Их хурлын даргыг огцруулах хуулийн төсөл хэлэлцэхээр боллоо гэж яриад эхлэхээр нь оруулж ирлээ. Бүлгийн дарга чинь хурлаа хийх гэж байна гэж мэдэгдэхээр нь оруулж ирлээ. Их хурлын дарга үүрэг өгөхөөр оруулж ирдэг юм биш ээ. Та бүхнийг нэлээд удаан хүлээлээ. Хурлаа хийчих болов уу, төрийн ажлаа ингэж удаан хугацаагаар ажлаа хаяхгүй гэж найдаж байсан. Хууль дээдлэх ёстой улстөрчид нь төрийн ажлыг гацаана гэж бодоогүй. Битгий хууль хяналтын байгууллагын ажлыг улс төрийн өнцгөөр хараач ээ. Улс төр гэдэг юм аа орхиод зөв зүйтэй хуулийн хүрээнд шийдээч ээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид ЖДҮХС-гийн зээл яриагүй юм. Их хурлын гишүүн авсан уу, аваагүй юу гэдгийг яриагүй. Бид гэмт хэрэг ярьж байна. Гэмт хэрэг гарсан байна гээд хуулийн байгууллага шалгаж байгаа. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрвээ гишүүнээс түдгэлзүүлвэл тодорхой хэмжээний хязгаарлалт тавина. Шууд хорихгүй байх. Гадагшаа явах эрхийг нь хориглоно. Амлалт авна. Б.Батзориг сайд сая ярьж байна. Их шударга зүйл ярилаа. Гэхдээ жирийн иргэн ингэж байхгүй шүү дээ. Тэдэн сар байлгаарай гэж хэн ч хэний тухай ярьдаггүй юм. Шударга бусын хонгил байдаг гэдгийг мэднэ. Т.Ганболд гэж нөхөр их чанга юм ярилаа. Д.Дорлигжавын талаар “Эрдэнэт”-ийн хэдэн сая ам.долларын хэрэг алга болсон гэж яриад байна лээ. Энэ бүхнээ тогтоож, үнэн мөнийг нь олмоор байна. ЖДҮ-чдээ чөлөөлөх тал дээр хуулийнхантай хамтарч ажиллая.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: ЖДҮ том сургамж боллоо. Ямар Эрүүгийн хуулийн орчинд ажиллаж буйгаа мэдэж авлаа. Улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олговол эрүүгийн хэрэг гэдгийг мэдэж авах шиг боллоо. Улс төр бизнес хоёр хол бай гэдгийг л хэлээд өгч байна. Улстөрчдийн хамаарал бүхий компани тендерт ялж болохгүй. Цаашлаад лиценз, зөвшөөрлөөс холдох ёстойг харуулж өглөө. Том жишээ боллоо шүү. Ерөнхий прокурорыг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондыг тултал шалга гэж хэлмээр байна. Ганц ЖДҮ ч биш шүү. Засгийн газрын 27 санг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй нь шалгамаар байна. УИХ-д байнга мэдээлэл хийж бай. Ингэж байж нийгмийг цэгцэлнэ. Улс төр, бизнес хоёр хол байх ёстойг сануулж байгаа юм. Ганц нэг гишүүний асуудлыг яриад өнгөрвөл замхарна шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ард түмний эрх аваад төр удирдаж байгаа бидний хувьд инээдтэй цаг хугацаа өнгөрч байна. ЖДҮ-чид, 60 тэрбум, хайцаалагч 27, хонгил, МАНАН бүлэглэл, мафижсан төр л гэнэ. Маргааш харахад инээдэм, эмгэнэл шүү. Энд хүний муу үзэх гэсэн асуудал алга. Зарчмын асуудал байгаа юм. Л.Болд гэж нөхөр байна. Өвчтэй ч юм уу, нэг сонин хүн. Микрофон харахаараа шударга үнэний туйл. Цаана нь жинхэнэ шударга бусыг хийдэг. Монгол Улсад хоёр банк байгуулсан хүн шүү. Голомт банк байна, бас Богд банк байна. Цуст тэмцэлд Ж.Мөнхбат уриаллаа ч гэх шиг.

Би гудамжаар явж байгаа жирийн гишүүн шүү. Тэр цэрэг цагдаа чинь Засгийн газрын мэдэлд байдаг юм. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр хувьдаа армитай юм байна л даа. Удахгүй танктай болоод ОХУ, Хятадтай дайтах юм байна л даа. Жилийн өмнө бидэн дээр ирээд л ах нар нь сайд болмоор байна гэж гуйгаад л сайд болсон. Одоо энэ хүмүүст Их хурлын даргын сураг гарчээ. Дараагийн үнэгэн шогшоонд орчихлоо. Та нар болио, ах нар аа. Та нарын хөл сайвар жороо болж, нуруу чинь хугарсан байна. Намын даргыг хатгаж ийм байдалд оруулсан хүмүүс бол ах нар шүү. Нэг нь өнөөдөр сайд болох гээд үнэгэн шогшоогоор давхиж явна. Тэтгэвэрт гарсан хүмүүсээ тэтгэвэрт нь суулгаад асуудлаа цаашаа шийдээд явъя.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Та нар эмгэнэл болгож байна даа. ЖДҮ зүгээр л зээл гэж байна. Тийм ээ, мэдээж зээл. Гэхдээ зээлийг давуу байдлаа ашиглаж авсан нь үнэн биз дээ. Зохион байгуулалттай хийгдсэн бүлэг гэмт хэргийг шалгах ёстой юм. Би хэн нэгнийг буруутгахгүй. Тэр ажлаа хуулийнхан хийнэ биз. Гэхдээ У.Хүрэлсүхийн талд байгаа шударга ёсны баатруудын тал нь хулгайчид байна. Ичээч. Та нар ард түмнийг сайхан амьдруулна гэсэн уриа чинь яасан бэ. Шатахуунаа хар, махны үнээ хар. Хаа байна нөгөө амлалт, мөрийн хөтөлбөр чинь. Одоо ганцхан жил үдлээ. Хуулийнхныг ажлыг нь хийлгэ. Энэ төр яаж ажлаа явуулах юм бэ.