ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Би үг гэнэдэж хэлдэггүй хүн шүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

“Хас говь транс” компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авч, өрөө дарсан хэрэгт холбогдоод буй Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ойлгохгүй юм. 10 зочид буудалд 10 хүн хүчингийн хэрэг үйлдчихсэн байвал 10-ууланг нь бөөнөөр нь оруулж ирнэ гэсэн үг үү. Бөөнд нь оруулж ирье гэх юм. Сүргээр нь шалгах гэж байгаа юм уу. Үүнд тайлбар өгөөч. Ө.Энхтүвшин гишүүнээс асууя. Та бүхэн хүлээлт үүсгэлээ шүү. Тун удахгүй бөөнөөр нь оруулж ирээд шалгана гэж ойлголоо шүү.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ж.Мөнхбат аа, миний дүү эвтэй бай. Халдашгүй байдлын дэд хорооны дарга байр сууриа тодорхой илэрхийлсэн. Надад нэмж хэлээд байх зүйл алга. Гэхдээ УЕП –оос би асуулт асуусан. Нэмж шалгаж байгаа зүйл байгаа юу гэдгийг тодруулсан. Олон хүмүүсийг шалгаж байгаа, удахгүй оруулж ирнэ ээ гэсэн. Тэр хүрээнд бид шийдвэрээ гаргасан. Нууц хуралдсан учраас илүү зүйл нэмж хэлээд байх зүйл алга аа.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Алиных нь нөхцөл байдал түрүүлж тогтоогдоно тэрийг нь оруулж ирдэг. Бөөнөөр нь оруулж ирэх шаардлагатай бол мөрдөн байцаагчийн хүсэлтээр оруулаад ирж болно оо. Тус тусдаа явах ёстой юм л даа. Тус тусдаа үндэслэлтэй хэрэг юм шүү дээ. Б.Батзориг сайдын хэлсэн шиг үнэхээр тийм шударгаар явсан бол өдөр шөнөгүй төрийн мөнгийг ийм зүйлд зармааргүй байна.

40-50 мөрдөн байцаагч зөвхөн ЖДҮ-г шалгах гэж хоёр сар ажиллаж байна. Хүн хүч хүрэхгүй байна аа. Энийг яриад суухын оронд Оюутолгой, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг шалгаад суумаар байлаа. Гэвч тийм биш байсан учраас оруулж ирсэн юм. Энэ танхимд сууж байгаа гишүүдийн хэд нь орж ирэхийг мэдэхгүй байх юм. Зарим нь шалгалтын дараа ална, хядна, гишүүн шалгадаг чи хэн бэ гэж ярьсан байна лээ. Би тэрнийг дараа оруулж ирэхдээ ярина. Зарим нь ямар нэг хамааралгүй гэдгээ ирж шалгуулаад, баярлалаа, баяртай болоод салсан байна лээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ард түмэн дээрээ очих ёстой, ажлын байр бий болгох ёстой мөнгөө төсөвт тавиад өөрсдөө авчихсан. Шившиг болж байна л даа. Том эрх мэдэл энэ зааланд явж байна. Буцаагаад прокуророо шүүгээд байх шиг. Хэргийг нь ярихгүй юм. Прокурор оо, та ажлаа хийж байна уу. Наад асуудлаа шалгаж байгаа юм уу. Зүгээр ард түмэнтэйгээ зэрэгцээд зээл авчихсан чинь шалгаад байгаа юм уу.

Энэ чинь бүлэг хэрэг юм уу. Шагнал болгож авсан гэж яриад байгаа шүү. 80 настай хөгшин, 19 настай залуу, хүүхдээ тэвэрчихсэн залуу байна. Тэд бүгд мафи гэж яриад байна. Л.Болд, Ж.Батзандан нар энэ хуралд алга. Х.Нямбаатар, Т.Аюурсайхан аа, та нар ард түмний төлөө уйлж байсан биз дээ. Одоо шударга ёсны төлөө дуугар л даа. Мафи болсон төрийг хамгаалсан 27 хүн байна гэж яриад байна лээ. Би тэрний нэг нь юм шиг байна лээ.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Албан үүргээ гүйцэтгэхэд ямар нэг дарамт шахалт алга. Ажлаа хуулийн дагуу хийнэ. Бүлэг хэрэг юм биш үү гэж байна. Нотлох баримт тогтоогдоогүй учраас хэлэх боломжгүй. Гэхдээ энэ мөнгө хэзээ суусан, хэдэн төгрөг олгосон гэдгийг надаас илүү мэдэж байгаа. Нотлогдвол би энэ танхимд орж ирээд ярина аа. Мафижсан төр байгаа юм уу гэж байна. Мафи бидний хувьд арай өөр ойлголт. Зохион байгуулалттай бүлэг байна уу гэвэл байна аа. Улсын төсвийг нийлж иддэг. Түүнийгээ оруулдаг, батлуулдаг, дараа нь авдаг гэмт бүлэглэл байна шүү. Үүнтэй би хатуу тэмцэнэ. Цаг нь болсон гэж бодож байгаа. Юм болгоныг дараад байвал болохгүй шүү. Нийгмийн уур амьсгал энэ бүхнийг харуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн ийм ёсзүйгүй зүйл яриад байж болохгүй гэж Улсын Ерөнхий прокурор хэлж байна. Гэхдээ гэм буруугүй нэг ч хүнийг шийтгэж болохгүй ээ гэсэн алтан зарчим бий шүү. Энэ бол дэлхий нийтийн зарчим. Энэ зарчим зөрчигдсөн учраас би Их хурлын гишүүний хувьд, УИХ-ын дэд дарга байхдаа С.Зоригийн хэргийн асуудлыг ярьсан. Би энэ зарчмаасаа ухрахгүй.

Ямар ч дарамт шахалт ирсэн байлаа гээд хамаагүй. Ерөнхий прокурор цаашдаа энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Би долоон намын дарга, долоон прокурор, долоон төрийн нүүр үзсэн шүү. Энэ яригдаж байгаа хэргийн захиалагчаар нэг хүнийг татаад удалгүй хэргийг хаачихсан шүү дээ. Тэрийг чинь мафи гээд байгаа юм. Мөнгө эрх мэдэл, хууль хяналт нэгдэхээрээ биежсэн хэлбэрт шилжсэн мафи болдог. Би үг гэнэдэж хэлэхгүй. Хэлье гэснээ хэлнэ. Алий бүр нууж амьдрах юм.