ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Хүн алахад хутга багадахгүй, хахууль өгөхөд мөнгө багадахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Их л шившигтэй юм болж байна. Аргаа барсан ард түмэн зайлцгаа гэж байна. УЕП М.Энх-Амгалан шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж байна. Би санал нэг байна л даа. Гэхдээ УИХ-ын танхим бол шүүхийн танхим биш. Энэ Их хурал тарах ёстой болжээ. 76-уулаа халдашгүй дөрвөн эрхээс нь авч үлдэх гэж эсвэл явуулах гэж зүтгээд яах юм бэ. Явах ёстой бол бүгд явмаар байна.

Шударга ёсны ядуурал, өлсгөлөн энд нүүрлэчихэж. Тиймээс манлайлал үзүүлмээр байна. Нэр бүхий гишүүд халдашгүй бүрэн эрхээсээ татгалзаад явах санал гаргасан. Тиймээс явцгаая. Зээлгүй хүн Монгол Улсад байхгүй. Малчид 24-30 хувийн зээлтэй байгаа. Тэтгэврээ барьцаалж байна. Гэтэл нэг хэсэг нь гурван хувийн зээл авчихсан юм байна. Энд л ард түмэн уурлаж байна. Эзэндээ очоогүй зээл олон байгаа. Сэтгэлийн гал нь бөхсөн олон мянган иргэд байгаа шүү.

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Их хурал тарах хэмжээнд очлоо. ЖДҮ, 60 тэрбум чинь бүгдээрээ эрх мэдэл албан тушаалын төлөөх тулаан. Ярихдаа хүрвэл бүгд ЖДҮ, 60 тэрбумчин шүү дээ. Бөөндөө орж ирлээ, тусад нь орж ирлээ л гэнэ. Бөөнөөр нь оруулж ирээд хонь хурга шиг юм болгох гээд байгаа юм.

Үг үйлдэл нь тусдаа бол тусад нь оруулж ирнэ биз дээ. Тэгж чаддаг л юм бол бөөндөө халдашгүй бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя. Сүүлийн 10 жилийн хугацаанд ЖДҮХС-гаас 600 тэрбум төгрөгийн зээл олгосон юм билээ. Эндээс 200 нь үхмэл, эргэн төлж чадахгүй болсон байна. Энэ бүхнийг шалгая.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Зээлтэй холбогдолтой бүх зүйлийг үзэж байгаа. 25 мөрдөгч шалгаж байгаа. Аль нь гэмт хэрэг болох аль нь гэмт хэрэг биш гэдгийг тогтоож байна. Удахгүй тухайн үед сайдаар ажиллаж байсан, одоо гишүүн байгаа хүний асуудлыг оруулж ирнэ. Т.Бадамжунай гэж хүнээс эхлэлтэй юм билээ, бөөнөөр нь шалгаарай гэсэн. Би шалгаж байна. Хүн хүч хэцүү байна аа. Үнэнээ л хэлье. 25 хүн нь ЖДҮ-г бүхэлд нь, нөгөө 25 нь гишүүдийн ЖДҮ-г шалгаж байна. Аж ахуйн нэгжүүдэд ч хэцүү байгаа байх аа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэтээр тамтаггүй олон зүйл байгаа.

....Үүгээр гишүүд асуулт асууж дууссан юм. Улмаар УИХ-ын чуулган хуулийн хугацаанд буюу 18.00 цагт дуусах ёстой учраас УИХ-ын дарга цаг сунгах эсэх талаар санал асуув. Гишүүд хуулийн хугацаандаа буюу дөрвөн гишүүний асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзсэн учраас цаг сунгалаа. Гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Санхүү, луйвар, хулгайн шинжтэй том хэргүүдийг шалгаж эхэлмээр байна. Томоосоо хэрэг эхлэх ёстой шүү. Нүүрсний хулгай байна. Асуудал ойлгомжгүй байна. Салбарын сайд хтусгай журам, сонгон шалгаруулалтаар явдаг гэж хэллээ. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зээл явдаг гэж байна.

Гишүүд ч мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болоогүй гэж байна. Энэ бүхнийг харахаар үнэмшилгүй байдлын давхцал явж байх юм. Засгийн газрыг огцруулахгүй гэж оруулж ирсэн дөрвөн гишүүнийг татна гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Улс төр яваад байгаа юм биш үү. Дөрвийг нь татчихвал УИХ-ын даргыг огцруулж чадахгүй гэж үзээд хуулийн төсөлтэй давхцуулж оруулж ирээд байгаа юм уу. Дөрвөн гишүүн байхгүй болчихвол Засгийн газрыг огцруулах кноп хүрчихнэ гэж ойлгоод байгаа юм уу. Нухацтай хандах ёстой байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүн алахад хутга багадахгүй, хахууль өгөхөд мөнгө багадахгүй гэж. Том жижиг ялгаагүй шалгах ёстой юм. Хэрэг бол хэрэг. Гэм буруутай, буруугүйг шүүх тогтоох ч гэсэн хэрэгтнийг олох тогтоох, хянах үүрэг нь прокурор юм. Томыг нь эхлээд шалгана гэсэн ойлголт байж болохгүй. Засгийн газар бол ЖДҮ-чид. Ардын нам нь ЖДҮ-чид. Хүн чанар бол хүн болгонд заяадаггүй том боловсрол юм.

Хүн чанар гаргаад нэгийгээ аваад үлдэж болно. Гэхдээ хүмүүжилгүй байна. Халдашгүй байдлын дэд хорооны таван ахмад улстөрч хүмүүжилгүй байгаа юм. Шалгуулъя гэхэд нь шалгуулж болохгүй ээ гээд суулгаад байдаг. МАНАН-г зүхэж байхаар нэг ч гэсэн лаа асаа. Лаа нь бол ЖДҮ-гээр шалгуулах гэж байгаа улстөрчдийг шалгуулахад нь тусла. Хуулийнхан шалгаж чадахгүй гэж бодож байгаа бол хуулийн байгууллагаа татан буулга. Өндгөнд чинь нэг шударга ёс байгаа. Тэр нь шударга ёсоо гэм буруугаа тогтоолгоод шалгуулаад ирээ гээд дараад явуулъя.

Д.Хаянхярваа: Хуулийн дагуу асуудлаа шийдээд явбал зүгээр байх аа. Одоо нэг нэгэндээ нэр хоч өгөхөө болье. Нэг нэгийгээ хардаж сэрдэх явдал хэрээс хэтэрлээ.