ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дамба-Очир: Бүх хүмүүсийн өмнө эвгүй байдалд орлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа билээ. Хуралдаанаар гишүүд асуулт асууж дууссан учраас одоо үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮ-г энд ярьж байна. 60 тэрбумаа бас ярих ёстой. Энэ хэргийг яагаад хаасан юм бэ. Энэ хүмүүс ЖДҮ, 60 тэрбумаа хамгаалахаар шийдчихэж. Тиймээс энэ асуудлыг дахиж оруулж ирэх хэрэг байна уу.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Гишүүдийн асуудлыг хэлэлцэж байгаа учраас хэлэлцэх асуудалтайгаа хамааралтай асуудал ярих ёстой байх. 60 тэрбумыг би хамгаалаагүй. Хэргийг хаалаа гэж бид ямар ч мэдэгдэл гаргаагүй. Харин ч хэрэг байжээ гэдгийг мэдэгдсэн. Би дахиад гишүүдийн асуудлыг оруулж ирнэ ээ. Хэрэг үүсгэж, баримттай байвал оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Надтай ямар ч хамаа байхгүй. Ах дүү амраг садантай ч хамаагүй. Гишүүний хувьд орон нутгийн компаниа дэмжих нь байх ёстой асуудал. АТГ дээр нэг удаа дуудсан. Асуусан зүйлийг нь би хариулсан. Цаг минутад очсон. Гэрчээр намайг байцаасан. Бичиг баримтыг нь гаргаж өгсөн. Татгалзах зүйл байхгүй. Компани барилгын чулуу хийнэ гэж зээл авсан юм билээ. Ажлаа хийгээд явж байгаа юм билээ. Зээлээ ч төлөөд дуусч байгаа гэсэн. Бүх хүмүүсийн өмнө эвгүй байдалд орлоо. Хуулийн байгууллага шийдээд явах байх. Цааш цаашдаа ийм бичих өгөх хэрэггүй юм байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шударга ёсны төлөө талбай дээр гарч жагсаал хийчихээд энд орж ирээд ЖДҮ-чдээ хамгаална. Энэ бол бүлэг гэмт хэрэг шүү. Зарим нь бүр цус асгарсан тулаанд уриалаад л. Ингэж болохгүй шүү дээ. Төрийн толгойд ийм балай юмнуудыг залчихаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өөрөө төрсөн дүүгийнхээ нэрээр зээл аваа биз дээ. ЖДҮ-гээ зориуд хамгаалж байна. Хажуугаар нь нэг хэсэг нь 60 тэрбум гэж давхиад л. Ж.Батзандан, Л.Болд хаана байна. Л.Оюун-Эрдэнэ энд баахан шударга ёс ярилаа. Төр самардгаа болиоч. Дайн байлдаантай улс юу хожсон юм. Юу ч хожоогүй. Цус урсаж, хагацал зовлон л үздэг юм.