ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр шөнө хуралдсан парламент “хулгайч”-даа хамгаалж үлдэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-13

Нэгэн иргэн “Ард түмнээ гадаа жагсааж алалцаж, улстөржиж бүтэн хоёр сарыг дуусгалаа. Үр дүн гарав уу хэмээн эргээд хартал ЖДҮ-чид нь суудал дээрээ үлдэж, 60 тэрбумынхан даргын суудлаасаа огцорсонгүй. Шударга ёсонд уриалсан Л.Оюун-Эрдэнэ нь шударга бус хүнээсээ уучлалт гуйж, хагарсан МАН-ынхан буцаад зөвшилцөж, харин Ардчилсан нам нь бүлэггүй болов.  Лу.Болд хэнд ч хэрэггүй болжээ. Нөгөөх утаа, агаарын бохирдол, хүүхдийн өвчлөл нь харин хэвээрээ байна” хэмээн бичсэн байв. Энэ бол ойрын үед улс төрд өрнөсөн үйл явдлыг цөөхөн үгээр тун оновчтой илэрхийлсэн санаа байлаа.

Нээрээ ч улс төрд шударга ёс тогтооно хэмээн хасах хэмийн хүйтэнд гадаа жагссан хүмүүс үр дүнд хүрч чадсангүй. Харин саарал ордондоо буцаад тэврэлдэж, шударга бусын туйл болсон гэх М.Энхболдоосоо уучлалт гуйгаад сууж байна. Улс төрийн акц хийнэ гэж баахан сүржигнэж давхисан улстөрчид нь уучлалт гуйж эвлэрээд дуусаж байх шиг. Бүтэн сарын хугацаанд төрийн ажил хаяснаа юман чинээ бодсонгүй. Өдөр алдаж шөнө гэгчээр үүрийн шөнөөр хулгайгаа хэлэлцэж, ард түмний өмнө тэд шударга дүр эсгэх гэж жүжиг тавив.

Саарал ордонд согтуу орж ирчихээд нэг нэгэндээ агсам тавих нь энүүхэнд болжээ. Монгол төрийн ажил шөнөөр явдаг, утаа агаарын бохирдлоо бус хулгай, луйвраа тэд улс амьтан унтсан хойно хэлэлцэж, өвөр түрийндээ орсон эв нэгдлээ хулгайгаа хамгаалж үлдсэнээрээ баталж байна. Ёстой л С.Жавхлан гишүүний хэлсэнчлэн “та нараас ичиж байна, ширнүүд ээ”. Бүтэн есөн удаа хойшилж, сар гаруйн хугацаанд хуралдаж чадаагүй парламент арайхийн ажлаа хийхдээ хоёр өдөр шөнөөр хулгайчдаа хамгаалж үлдэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдсан.

Ингэхдээ пүрэв гарагт шөнийн 23.30 цагийн үед Хуульзүйн байнгын хороо хуралдаж нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжих боломжгүй гэж үзсэн юм. Улмаар, 24.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, шөнийн 02.00 цагт өндөрлөв. Харин 02.00 цагаас чуулган хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ярилцаж дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байсан ч Ардчилсан намын бүлгээс зургаан цагийн завсарлага авсан учраас өглөө буюу хуваарь ёсоор баасан гарагийн өглөө 10.00 цагт хурлаа хийхээр хойшлуулсан.

Гэвч өглөө нь мөн л ирц бүрдэлгүй хурал хойшилж, 15.00 цагт орохоор болов. Ирц бүрдэхгүй, дундуураа цуурсан МАН-ынхан нь зөвшилцлийн хурал хийж байна гэж сунжруулсаар 16.00 цаг дөхүүлж чуулган эхлэв. Ингээд дахиад л хурал нь сунжирсаар дахиад л үдшийн 23.30 цагт арайхийн хуралдаж дууслаа. Үргэлжлүүлэн ТББХ-ны хурал орж, шөнө 00.45 цагт өндөрлөв. Эндээс гарсан үр дүн гэвэл дөрвөн ЖДҮ-чин гишүүнийг хамгаалж үлдэв. Мөн шагнал гардуулах үеэр сайдтай байх нь гоё харагдана гэсэн үндэслэлээр Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжлээ. Шөнөөр хуралдсан хоёр өдөр гишүүдийн хэлсэн үг нэг бүрийг дэлгэрэнгүй хүргэнэ гэвэл сонины 12 нүүр ч багадна. Шударга ёсны дүр эсгэж, “хөмсөг зангидаж”, дүр эсгэсэн тэдний худал хуурмаг бүхэнд нүүр талбай зориулах нь дэндүү харамсалтай. “Хулгайч хулгайчаа бариарай” гэж хамгийн чанга хашхирдаг гэдэг шиг нэг худалч нь нөгөө худалчаа доромжилж, “ичгэвтэр байдалд орсон учраас цөмөөрөө тарцгаая” хэмээн бүгд шахуу л ярилаа. Гэвч начир дээрээ тэд хэзээ ч тарж чадахгүй.

Тийм зориг ч байхгүй гэдгээ эвлэлдэн нэгдсэн үйлдлээрээ нотлов. Шударга үнэний дүр эсгэж байсан дөрвөн улстөрч нь хүртэл ТББХ-ны үеэр уучлалт гуйж жүжиг тавилаа. Хамгийн шударга бусыг хийж яваа нь хүртэл хулгай хийгээгүй хэмээн биеэ өмгөөлж,  нууц санал хураалтаар нэг хулгайчаа нөгөө хэсэг хулгайч нар хамгаалж үлдлээ. Төрийн ордонд үндсэндээ хоёр өдөр ийм л хөгийн зүйл болж өнгөрлөө. Өнөөх шударга ёсны сэлэм ч тасхийсэнгүй, МАНАН бүлэглэл ч сарнисангүй. Хоёр өдөр хуралдсан байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр тэдний нэгийгээ өмгөөлж, нөгөөгөө доромжилсон ичгэвтэр, инээдтэй, гутамшигтай үг үйлдлээс тоймлон хүргэе. Эндээс бид хэнийг сонгож явуулснаа, хэнд итгэж яваагаа хангалттай харах биз ээ. 

2019.01.10-11-нд шилжих шөнө 24.30 цаг: ТББХ-ны хурлаас 

УИХ-ын гишүүн Д.Хаян­хярваа: Би дөрвөн гишүүнийг дөрвүүлэнг нь явуулах ёстой гэж үзэж байгаа. Сая андуураад Б.Ундармаа гишүүнийг хамгаалах кноп дарчихаж. Гишүүд уучлаарай. Хуулиа мэдэхгүйгээс буруу асуулт асуух гэж байсан байна. Болилоо. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хуй хуйгаар нь, хунз хунзаар нь авчихсан учраас ард түмэн бухимдаад байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Баасан­хүү: Хонгил байдаг юм бол хонгилоор яваад Нобелийн шагнал авчих л даа. Ямар нэг юм үүсээгүй бол ямар нэг юм үүсэхгүй. Би Н.Энхбаяр даргад баярладаг юм. Намайг сайд болгоогүй явдалд талархдаг. Нэр цэврээр ороод Нелсон Мандела бол л доо. 75 настай өвөөгийн боломжийг хулгайлчихаад шударга ёс ярихаа боль. Ордонд би чөлөөтэй алхмаар байна. Битгий хүн дээрэлхээд байгаарай. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан: Энэ О.Баасанхүү олон дахин ордонд явуулахгүй байна гэж ярилаа. Г.Занданшатар хариу өгөөрэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Д.Дамба-Очир гишүүн намайг намхан, номхон, даруухан болохоор аваад явах гээд байгаа гэсэн. Би үгэнд нь итгэж байгаа. Миний эсрэг жинхэнэ шударга бусын хонгил явуулах гээд байгаа юм билээ. Г.Занданшатар бол тагнуулын цаана байгаа. Буутай хүмүүс дагуулаад явж байдаг. 

УИХ-ын гишүүн Г.Зандан­шатар: Төрийн ордныг нэг хүн мэдэхгүй л дээ. Төрийн тусгай хүчнийг ч нэг хүн мэдэхгүй. Хаалттай хурал руу л орох гэж дайрсан юм билээ. 

2019 оны 01.11-ны баасан гараг: Шөнийн 02.00 цаг: УИХ-ын чуулганы хуралдаанаас 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хүчээр аливаа нэг намд байх бололцоо байхгүй. АН бүлэггүй болсон. Миний АН-аас гарсан бичгийг УИХ-ын дарга та уншиж өгөөч. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэ­­бат: Лу.Болд та Ардчилсан намын нэр дээр нэр дэвшсэн. Та намаас урвасан. Битгий олон юм яриад бай. 

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан: Цагдаагаас мэдээлэл авахад 50 мянган иргэн жагссан гэсэн. Энд байгаа хүмүүсийн тоогоор бол өвлийн хувцаснаас болж томорсон байх. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Өдрийн мэнд гэх үү. Ямар нэгэн мэнд хүргэе. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ч гэсэн ямар нэгэн өдрийн мэнд хүргэе. Шөнө үү, орой юу гэдгээ мэдэхээ болилоо. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Парламентын дарга байгаагүй юм шиг ийм хууль бариад гүйж яваа чинь сонин харагдаж байна. Та нар бүгд адилхан. Парламентын дархлааг байхгүй болгоод хэн болох юм. Бүгд гөлөг болно. Бүгдээрээ бөлдөгдүүлнэ. Ч.Улаан та далжийгаад хараад байх юм байхгүй. Та ч гэсэн хэн ч биш болно. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Миний өмнө нь юу хийж байсан нь огт падгүй. Би ажлаа хийж байна. Би цалин авдаг.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 2019 оны мэнд хүргэе л гэхээс. Би ард түмнээсээ уучлалт гуйж байна. Ард түмнээсээ ичиж байна. 

Талбайн харуул хамгаалалтын гадна зөндөө өдөөн хатгагчид байсан. Биднийг доромжилж, элдвээр гүтгэж, юм хум шидсэн. Өдөөн хатгалга явагдаж, мөргөлдөөн болох нөхцөл байдал бий болсон. Ард түмэндээ сэтгэлийн их тайтгарал өгч байж бид цаашаа явна шүү. Энд шоронгийн түлхүүр булаацалдсан нэг ч хүн байхгүй. 

УИХ-ын гишүүн С.Бямба­цогт: Л.Болд гишүүн их гоё ярьж байгаа юм. Таны гоё яриаг олон удаа сонсож байгаа. Үнэн гэж худлыг сайн хашхирахаар үнэн болдог гээд бодчихсон. Үнэнд гүйцэгдэнэ ээ, та. Юундаа шөнөөр энэ хүнийг сандлаас нь буулгах гээд байгаа юм. Оруулж ирсэн хууль чинь ч гэсэн гуя дагуулж хүзүү гэдэг шиг хүзүү дагуулж гуя орж ирсэн. УИХ тарах цаг нь болжээ. Төр нь бие биенээ хуурсан, хулхидсан, хагарсан бутарсан байна. Үл ойлголцол нь үзэн ядалт, цаашлаад үзэн ядалт болох нь. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яасан ч гүргэр парламент юм. Яасан ч гүргэр дарга нар юм. Ард түмэн ядарч байна шүү дээ. Яг одоо хурдал гэж битгий мугуйд. Аймхай хүнд аргал хөдөлнө гэдэг шиг юм болж байгаа. Нэг жилийн хугацаанд ордноо шатаалгачихмааргүй байна шүү. Би хятад хүн биш шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Манай намынхан Л.Болд мэтийн гишүүний үгэнд итгээд явж байгааг харахаар харамсалтай байна. Мэдрэл чинь зүгээр үү, Л.Болд оо. Ийм мэдрэл муутай хүмүүс чинь Монголын нийгмийг самууруулаад байгаа юм биш үү. Ард түмэн унтаж байхад авлига хулгай, албан тушаалаа ярьж байна гэдэг үнэн шүү дээ. Ах нар Их хурлын даргын суудал онгойх нь гээд хөл нь хөнгөрчихсөн явж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шударга бусын хонгил гэж байгаа бол шударга ёсны багана гэж байгаа. Та нэвт шувт будаа болгоно гэсэн. Та прокурор байсан хүн шүү дээ, Ц.Нямдорж сайд аа. Таван хүн үгүй гэхэд та за гэж болно оо доо. 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж: Гэмт хэрэг эсэхийг шүүх шийднэ. Өмгөөлөгч байсан юм бол эрхбиш энийгээ мэддэг байлгүй дээ. О.Баасанхүү гишүүн ээ, өмгөөлөгч байсан юм бол өмгөөлөгч байсан юм шиг юм ярьж бай за. Өмгөөлөгч чинь хүн өмгөөлдөг юм. Чамайг харахаар улаан яллагч л харагдаад байх юм. Шүүх дээр очиж яллах ажлаа хий. Чи өдөржин хүн загналаа. Чамаар загнуулах гэж энд суугаагүй байх шүү. Хүн болгоныг, юм болгоныг дайрч давшилж байх юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатар­билэг: Шударга бусын хонгил яриад байх юм. Ийм хонгил байна уу. Хэзээнээс баригдаад одоо ямар шатандаа яваа, ашиглалт нь ямар зориулалттай юм бол. Н.Энхбаярыг Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тойрон хүрээлээд явж байсан. Дараа нь оймс нь гозолзоход дүрвэж зугтаад л. Татан буулгах гэж байгаа М.Энхболдоо тойрч бүжиглээд л байсан. Дараа нь 2020 онд сэлэмний ир мохсон байна гэх юм уу, нэг юм яриад арай өөр хүн тойрч бүжиглэх вий дээ. Олон юманд шир болчихсон нүүрнээс чинь залуус ичиж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж: Энэ Ё.Баатарбилэг чинь тэр хонгилд хэвтэж байгаад гарч ирсэн хүн шүү дээ. Чи мартчихсан уу. Үхэх шахлаа гэж уйлаад байсан биз дээ, чи. Ж.Мөнхбат та нар харин дараагийн даргаа ийм хүн болго гээд гүйж явна гэсэн. Цадигтай л байгаарай, та нар. Чамайг хэлмэгдүүлсэн, эсвэл чи хэргээс хууль бусаар мултарсан байж таарна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатар­билэг: Сурсан зангаараа баахан дайрч гүжирдлээ. Ц.Нямдорж даргыг таньдаг ч үгүй байсан. Уйлаад усан нүдлээд байх хүн мөн үү. Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар УИХ-ын дарга болох гээд явж байна гэнэ үү, гэнэ үү. /Хэхэ/ Гэнэ үү. Тийм юм байхгүй ээ. Тийм хоншоортой юм бол хэвлэлд гараад яриач.

УИХ-ын гишүүн Б.Пүрэв­дорж: Хоёр талдаа хатгаатай байгаа учраас жоохон зөөлөн ярьчихъя. Та нар 60 тэрбумчид, та нар ЖДҮ-чид. Бүгдээрээ шившгийн шившгүүд. Шөнө дөлөөр хулгайгаа хэлэлцээд хамгаалж үлдэнэ гэвэл эндүүрэл шүү. 

2019.01.11-ны баасан гарагийн 16:30 цаг: УИХ-ын чуулганы хуралдаанаас 

УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат: Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр хувьдаа армитай юм байна л даа. Удахгүй танктай болоод ОХУ, Хятадтай дайтах юм байна л даа. Жилийн өмнө бидэн дээр ирээд л ах нар нь сайд болмоор байна гэж гуйгаад л сайд болсон. Одоо энэ хүмүүст Их хурлын даргын сураг гарчээ. Дараагийн үнэгэн шогшоонд орчихлоо. Та нарын хөл сайвар жороо болж, нуруу чинь хугарсан байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Та нар эмгэнэл болгож байна даа. У.Хүрэлсүхийн талд байгаа шударга ёсны баатруудын тал нь хулгайчид байна. Ичээч. Та нар ард түмнийг сайхан амьдруулна гэсэн уриа чинь яасан бэ. 

УИХ-ын гишүүн М.Оюун­чимэг: ЖДҮ, лиценз, тендер авахгүй гэдгээ ёсзүйн дүрмээрээ шийдчихье. Би санаачлаад батлуулсан ч болж байна. Дүрмээ баталчихвал лиценз авах гэж улс төрд орж болохгүй юм байна гэдгээ мэддэг болчихно. Энэ танхимд зөвхөн улстөрч, хууль боловсруулагчид орж ирдэг болно.

УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат: Ойлгохгүй юм. 10 зочид буудалд 10 хүн хүчингийн хэрэг үйлдчихсэн байвал 10-ууланг нь бөөнөөр нь оруулж ирнэ гэсэн үг үү. Сүргээр нь шалгах гэж байгаа юм уу.
УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин: Ж.Мөнхбат аа, миний дүү эвтэй бай. Халдашгүй байдлын дэд хорооны дарга байр сууриа тодорхой илэрхийлсэн. Надад нэмж хэлээд байх зүйл алга. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ард түмэн дээрээ очих ёстой, ажлын байр бий болгох ёстой мөнгөө төсөвт тавиад өөрсдөө авчихсан. Шившиг болж байна л даа. Х.Нямбаатар, Т.Аюурсайхан аа, та нар ард түмний төлөө уйлж байсан биз дээ. Одоо шударга ёсны төлөө дуугар л даа. 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:  Мафи бидний хувьд арай өөр ойлголт. Зохион байгуулалттай бүлэг байна уу гэвэл байна аа. Улсын төсвийг нийлж иддэг. Түүнийгээ оруулдаг, батлуулдаг, дараа нь авдаг гэмт бүлэглэл байна шүү. Үүнтэй би хатуу тэмцэнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж: Би долоон намын дарга, долоон прокурор, долоон төрийн нүүр үзсэн шүү. С.Зоригийн хэргийн захиалагчаар нэг хүнийг татаад удалгүй хэргийг хаачихсан шүү дээ. Тэрийг чинь мафи гээд байгаа юм. Мөнгө эрх мэдэл, хууль хяналт нэгдэхээрээ биежсэн хэлбэрт шилжсэн мафи болдог. Би үг гэнэдэж хэлэхгүй. Хэлье гэснээ хэлнэ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Их л шившигтэй юм болж байна. Аргаа барсан ард түмэн зайлцгаа гэж байна. Энэ Их хурал тарах ёстой болжээ. Шударга ёсны ядуурал, өлсгөлөн энд нүүрлэчихэж. Тиймээс манлайлал үзүүлмээр байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Их хурал тарах хэмжээнд очлоо. ЖДҮ, 60 тэрбум чинь бүгдээрээ эрх мэдэл албан тушаалын төлөөх тулаан. Ярихдаа хүрвэл бүгд ЖДҮ, 60 тэрбумчин шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүн алахад хутга багадахгүй, хахууль өгөхөд мөнгө багадахгүй гэж. Хүн чанар бол хүн болгонд заяадаггүй том боловсрол юм. Хүн чанар гаргаад нэгийгээ аваад үлдэж болно. Гэхдээ хүмүүжилгүй байна. Халдашгүй байдлын дэд хорооны таван ахмад улстөрч хүмүүжилгүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Бямба­цогт:  Гишүүдийн ёсзүйн дүрэм 2009 онд батлагдсан юм. Энэ дүрмээ, мэдэхгүй гишүүнтэй гэдгээ мэдэж авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэх асуудал бүгд нэг, зарчим нь ижил боллоо. Хам хэрэгтэн шиг бүгдээрээ суугаад ЖДҮ-чдээ хамгаалж байгаа учраас бүгдийг нь нэгтгээд санал хураая. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэе. Хууль зөрчөөд, албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм бэ, М.Энхболд дарга аа. Нэг өдөр ч болов суудалдаа суухыг хүсээд байгаа юм уу. М.Билэгт гишүүн гадаа хүмүүс байж л байг гэнэ ээ. Та ард түмний төлөөлөл шүү. Түүнээс эрх ашгийн төлөөлөл байж болохгүй. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Чи муу ЖДҮ-ийн хулгайч. Муу бацаан минь дуугүй бай. Би чамайг үг хэлж байхад юу ч хэлээгүй шүү. Та нар шударга ёсны тухай жүжгээ одоо боль. ҮАБЗ одоо юу вэ. Хэнтэй ч хуваалцашгүй УИХ-ын дархан эрхэд халддаг болчихсон юм уу. Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг хулгайч гэдгийг чинь мэднэ. 

УИХ-ын гишүүн С.Жавх­лан: Утаа, агаарын бохирдлоо хар. Ээжүүд уйлж байна. Хүүхдээ тэврээд уйлж байна. Үүнийг хэзээ хэлэлцэх вэ. Шөнө 04.00 цагт хэлэлцье ээ.  Их хурлын дарга аа та нэг хурал зарлаач. Энэ бүхнийг бодохгүй бол бүгд зайлцгаа. Та нараас аймаар ичиж байна, ширнүүд ээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат: Албан тушаал болохоор л ах нар гүйдэл орох юм аа. Төрийн ордноор сайдын албан тушаал сонсогдвол ах нар “шааж” явах юм. УИХ-ын даргын албан тушаалыг сонсоод бас л “шааж” явна. Удахгүй Ерөнхий сайд болно гээд араандаа хийгээд шааж явах вий дээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан: Залуу гишүүд маань Ч.Улаан сайдад хандаж үг хэлж байна. Аавдаа адуу манахыг заадаггүй гэдэг үг байдаг. Гэхдээ одоо аавдаа адуу манахыг заадаг болж байх шиг байна. Би зүгээр үүнийг хэлж байгаа юм. Би Ч.Улаан гишүүнийг сайд болоход юм хэлж байгаагүй. Ч.Улаан сайдтай хамт суралцаж байсан. Онц сурдаг байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваа­сүрэн: Насны тухай ойлголт улстөрчдөд байх ёсгүй. Ч.Улаан сайд БНХАУ-ын сайд нартай харьцуулахад залуу байна. Трамп, Дэмбэрэл даргатай харьцуулахад гурван сонгууль хийх нас байна. Хамгийн гол нь бэлтгэгдсэн байна уу үгүй юу гэдэг чухал. Би Ч.Улаан сайдын насан дээр ийм толиотой байх уу гэж боддог юм. Трампын насанд хүртэл маш хол зай байна. 

2019.01.11-ны баасан гараг 23.36 цаг: ТББХ-ны хуралдаанаас 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсэж байна. Хүлээж авна уу гэж хүсэж байна. Танд бас баярлалаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарын нэр орж ирсэн. Ганц би ч биш хэд хэдэн хүнд тийм мэдээлэл орж ирсэн. Би түргэдээд, маш их цочирдоод тухайн үед нөхцөл байдал аюултай болох вий гээд нотлогдоогүй мэдээлэлдээ таны нэрийг оруулсандаа үнэхээр уучлалт гуйж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат: УИХ-ын гишүүн Л.Болдын хувийн Богд банкиндаа Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэдэг мэдээллийг хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ мэдээлэл явсан. Үнэн худлыг нь би мэдэлгүйгээр хэлсэн. Таны хэлснээр үнэн худал эсэх нь тодорхой болно. Хэрэв ташаа мэдээлэл байсан бол энэ мэдээллийг хэлсэндээ хүлцэл өчиж байна.