ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар ЖДҮХС-г шалгах шаардлагагүй гэж үзлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан Монгол Улсын Еөрнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцсэнээр эхэлсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын даргыг чөлөөлөх, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зохицуулалт одоо ч хуульд байгаа.   Заавал хууль гаргаж байж, 40 гишүүн гарын үсэг зурж байж чөлөөлөх шаардлагагүй. Ёс зүйтэй бол өөрийнхөө хүсэлтээр одоо чөлөөлөгдөж болно.  Заавал хууль гаргаж огцруулна гэдэг Монголын улс төр дампуурсны хэлбэр. Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр байна.  Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан шүү дээ.  Ард түмэн буутайгаа, морьтойгоо давхиж очоод л хөөж явуулсан.  Улс төрийн товчоог буулгахад хууль гараагүй. Сүхбаатарын талбайд 100 мянган хүн жагсаж байгаад улс төрийн товчоог буулгаж байсан юм.  Румынд Чаушескуг буулгахад хууль гараагүй юм. Ард түмэн нь очоод авгайтай нь буудаж алсан. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм.” гэсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, шүүмж дагуулав. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд гишүүд үг хэлж дууссаны дараа “Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. 

Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Намайг хотын дарга байхад. Андуураад байгаа юм уу, албаар тэгээд байна уу.  Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг Ж.Батзандан яг асуудал тулгарахад зугатаад алга болдог хүн.  ЖДҮ-ийн тухай асуудлыг ярья гэхэд гараад явсан. Яриад дуусахад ороод ирсэн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. 60 тэрбумын ургийн модыг зуръя, одоо ТББХ-ны хурлаар ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа. Халдашгүй байдлын дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг олонхоороо түрээд аваад үлдсэн. Тийм байж ямар ёс зүй энд яриад байгаа юм.  Ёс зүйтэй байвал бүгдээрээ  ёс зүйтэй байх ёстой”  гэв.  

Түүний дараа санал хурааж, Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүлсэн юм. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны арвангуравдугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нотариатын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж,  баталлаа.  Үүний дараа  Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан  Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж,  олонхийн саналаар уг хуулийн төслийг баталсан юм. 

Харин үдээс хойшхи хуралдаанаар ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар түр хороо байгуулахыг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн захиалгын дагуу түр хороо тодорхой зорилгын хүрээнд тодорхой асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах саналыг УИХ-д оруулж ирэх гэсэн ч дэмжигдсэнгүй. ЖДҮ-чид үнэхээр дийлдэхгүй юм байна. Би энэ түр хороог ахлахгүй, бүр ажлын хэсгээс ч гарч болно. УИХ бол төр нийгмийг холбох гүүр. Ажлаа хиймээр байна. Эрхэм ЖДҮ-чид ээ, та бүхэн үнэхээр хүчтэй юм байна” гэсэн тайлбарыг өглөө. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ийм зохион байгуулалттай, зориулалтын бусаар ашигласан зүйлийг гэмт хэрэг гэж хэлэхгүй юм бол үүнийг юу гэх вэ. Монгол Улсын төсөв хуулийн дагуу зарцуулагддаг эсэхэд хяналт тавих үүргээ УИХ хадгалах хэрэгтэй байна. Бид дахин сөрөг хүчнээс түр хороог дахин оруулж ирнэ” хэмээн мэдэгдсэн юм. 

Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн, дэмжлээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байв. Уг тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлснээр пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв.